Физик, хими, дизайн технологийн багш нарыг чадваржуулж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-26 13:54:28

Ховд /МОНЦАМЭ/. Хими, физик, дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах тухай баруун бүсийн сургалтыг өнөөдөр Ховд аймагт зохион байгуулж байна.  

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд СТЕМ буюу математик, физик, хими, дизайн технологийн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлдэг.

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад математикийн хэрэглэгдэхүүн, хими, физик, дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмж олгосон байна. Мөн зарим сургуульд аудио-видео хэрэгсэл нийлүүлжээ.

Тодруулбал, Улсын хэмжээнд нийт 555 сургуульд математикийн, 134 сургуульд физикийн хэрэглэгдэхүүн олгосон. Мөн 100 сургуульд химийн, 82 сургуульд дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмж олгожээ. Түүнчлэн 316 сургуульд аудио-видео хэрэгсэл нийлүүлсэн байна.

Харин Ховд аймгийн ерөнхий боловсролын 6 сургуульд хими, 7 сургуульд физикийн хэрэглэгдэхүүн олгосон. Мөн 3 сургуульд дизайн технологи, 25 сургуульд математикийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн аж.   

Үүнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны А\104 дугаар тушаалын дагуу физик, хими, дизайн технологийн багш нарт зориулсан бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж, төслөөс нийлүүлсэн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах арга зүйг эзэмшүүлж байна. 

Энэ удаагийн сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн физик, хими, технологийн багш нар, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байгаа юм.

Сургалтын үр дүнд оролцогчид орчин үеийн сургалтад ашигладаг тоног төхөөрөмжийн талаар нэгдсэн ойлголттой болох аж. Цаашид бүрэн дунд боловсролын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, төслийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжийн уялдаа холбоог сайжруулах, сурагчдад илүү хүртээмжтэй, чанартай боловсрол олгоход анхаарч ажиллах боломж бүрдэх юм. Сургалт маргааш дуусна.  

Холбоотой мэдээ