Э.ЦЭНД-АЮУШ: ХАМГИЙН ГҮН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН КИНО БОЛ “ХӨХӨӨ”

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-10-26 16:02:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Энэ жил цар тахал гарсантай холбоотой олон орны томоохон кино наадмууд цуцлагдсан юм. Харин Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын Урлагийн зөвлөл хамтран  “Улаанбаатар” олон улсын кино наадмыг амжилттай зохион байгууллаа. Долоо хоногийн хугацаанд нийтдээ 11 орны 19 киног наадмын турш үзэгчдэд толилуулсан юм. Үүнд дотроос “Нээлтийн киноны уралдаант хэсэг”-т С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” шалгарсан бол “Монгол киноны уралдаант хэсэг”-ийн шилдэг киногоор Ж. Жамьянсүрэн найруулагчийн “Хөхөө” шалгарч “Хангарьд” цомыг хүртлээ.  Харин "Эмэгтэй" киноны продюсер Ч.Ундар "Шилдэг продюсер" шагналын эзэн болсон юм. 


Мөн “Гэргий” киноны зохиолоор МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, зохиолч М.Эрдэнэбат “Шилдэг кино зохиол” шагналын эзэн болсон бол “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг Хятадын найруулагч Ван Сиао Шуайгийн “Баяртай, хүү минь” кино хүртсэн билээ.Тус кино нь “Азийн кино шүүмжлэгчдийн нийгэмлэг” болон Берлиний олон улсын кино наадмын эрэгтэй, эмэгтэй шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв.


Ийнхүү “Улаанбаатар” кино наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Соёл урлагийн газрын “Урлагийн хэлтэс”-ийн дарга Э.Цэнд-Аюуштай ярилцлаа.


-“Улаанбаатар” олон улсын кино наадам амжилттай өндөрлөлөө. Энэ онд олон нийтийн ажил зохион байгуулахад нэлээд хүндрэлтэй жил болсон шүү дээ?


-Анх 2008 онд Нийслэлийн Соёл Урлагийн газрын хамт олны санаачлагаар энэ кино наадмыг зохион байгуулж байсан. Түүнээс хойш ганц хоёр удаа л өнжсөн байх. Сүүлийн жилүүдэд уламжлал болгон нэг ч удаа тасалдуулалгүй зохион байгуулж чадсан нь бидний хувьд олзуурхууштай үйл явдал боллоо. Хамгийн гол нь энэ онд л гэхэд бидний сайн мэдэх Бусаны кино наадам цар тахлын улмаас болж өнжсөн. Харин бид тэгсэнгүй. Энэ нь урлагт хайртай үзэгчид болон кино урлагийн салбарын хувьд томоохон олз юм.


Нийслэлийн Соёл Урлагийн газар санаачлан зохион байгуулсан тус наадам Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр жил бүр болдог. Мөн Монголын Урлагийн зөвлөлийн дайчин хамт олон энэхүү кино наадмыг сүүлийн жилүүдэд тасралтгүй зохион байгуулж, олон улсын кино наадам болгон өргөжүүлж чадсан билээ.



-Эмэгтэйчүүдийн сэдэв зонхилсон кинонууд бас түлхүү гарах шиг боллоо...


-Тухайн наадам жил бүр онцлог сэдвийн дагуу хийгддэг. Тиймдээ ч энэ жил эмэгтэйчүүдийн асуудал хөндсөн, тэдний сэтгэлийн цар хүрээг тодорхойлсон Бразил, Япон, Монгол кинонууд нэлээдгүй гарлаа. Нийт 11 орны 19 киног үзэгчдэд хүргэсэн байна.


-Давхардаагүй тоогоор нийт хичнээн хүн кино наадамд зочилсон бэ?


-Бид наадмын сүүлчийн үзвэр гарахын өмнөх өдөр тоо гаргаж үзэхэд 10 мянга гаруй үзэгч долоо хоногийн турш кино наадамтай хамт байсан гэх үзүүлэлт гарсан. Мөн хоёр удаагийн форум, сургалт болон кино нээлтийн үйл ажиллагааг сошиалаар шууд дамжуулж ажиллахад 300 гаруй мянган иргэний хандалттай байсан. Үүнээс үзэхэд кино наадам маань өргөжин тэлж олон хүнд хүрэх болжээ.

Ингэж кино наадам маань жил бүр өргөжин тэлж олон хүнд хүрдэг болсонд их баяртай байна даа.


-Зарим үзвэрийн тасалбар хоёр гурван хоногийн өмнөөс дууссан байна гэх мэдээлэл цахимаар түгсэн. Энэ талаар тодруулбал...?


-Энэ жилийн хувьд онцлууштай зүйл нь тэр байлаа. Гол нь хүмүүс урлаг соёлын үйл ажиллагаагаар “цангасан” болов уу гэж харагдлаа. 2017 оноос хойш Нийслэлийн Соёл Урлагийн газрын одоо байгаа бүтэц кино наадмыг Монголын Урлагийн зөвлөлтэйгөө дахин хамтарч зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед үзэгчид 60 хувьтай л байлаа. Харин дараа жилээс нь 70-80 хувь хүрч байсан бол өдгөө 100 хувьд хүрсэн. Үзвэр болгон дээр танхим дүүрэн үзэгчтэй байсан нь бидний зохион байгуулсан ажлын үр дүн гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр найруулагчид, кино судлаачид ч зорин ирж үздэг томоохон арга хэмжээ болж өргөжсөн байна.


-Энэ жил шинэ бүтээлүүдээ үзэгчдэд хүргэхийн сацуу олон шинэлэг хөтөлбөрүүдээр кино наадмыг баяжуулсан харагдсан. Онцлох үйл ажиллагаанаас нь дурдаж болох уу?


-Дэлхий нийтийг цочролд оруулсан цар тахал гарсантай холбоотойгоор хоёр том сургалт буюу форумыг зохион байгуулсан. Нэгдүгээрт, кино наадмын хүрээнд залуу найруулагчдын “Авдраа уудал” сургалтыг явууллаа. Мэдээж Монголын алдартай кино найруулагчид өөрсдийн мэдлэг, ур чадвар, авьяасыг хэрхэн нээсэн туршлагаа хуваалцахаас гадна хийсэн уран бүтээлээ танилцуулсан. Хоёрдугаарт, “Ирж яваа” цаг кино форумыг зохион явуулсан байгаа. Үүнд хуучны сонгодог кинонуудаас сонгон авч НD форматад хувирган дахин сэргээж, өргөн дэлгэцээр үзэгчдэд хүргэх ажлыг энэ жилээс эхлүүлсэн.


Энэ мэтчилэн долоон үндсэн хэсгээс бүрдэж 7 хоногийн турш “Улаанбаатар” олон улсын кино наадмыг иргэд, соёл урлагийн уран бүтээлчдэд нээлттэйгээр зохион явуулсан нь бас нэг түүхэн үйл хэрэг болж байна.


-Үзэгчдийн тоог нэмэгдүүлэх нь наадам цар хүрээгээ тэлэх хамгийн гол хөшүүрэг нь байдаг. Харин зарим үзвэр дээр танхимын суудал хүрэлцэхгүй байгаа нь анзаарагдаж байсан л даа...?


-Тийм. Энэ жилийн хувьд “Тэнгис” кино театрын дөрвөн танхимд үйл ажиллагаа явуулсан. Бид бүхэн 21 хоногийн өмнөөс хөтөлбөрөө боловсруулж зар түгээж эхэлсэн юм. Тиймээс ч үзэгчид маань өөрсдийн сонголтоор Япон, Иран, Тайвань кино үзнэ гэхчилэн зорьж ирдэг болсон нь бас л нэгэн том дэвшил гэж харж байна. Ямар ч байсан цаашдаа суудал хүрэлцээгүй үед нэг киног давтан гаргах хэлбэрээр наадмаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх нь зайлшгүй болов уу.  



-Аливаа үйл ажиллагааны дараа хувь хүний байр суурь, сэтгэгдлээс гадна дүгнэлт маш чухал шүү дээ. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна?


-Наадам жил бүр л урагш шат ахиж байна. Ухарсан тохиолдол гарсангүй. Үзэгч оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тиймдээ ч “Улаанбаатар” кино наадам 20 юм уу 30 жилийн босгон дээр Азидаа томоохон байр суурь эзэлдэг кино наадам болж чадах нь гэсэн итгэл, гэрэлтэй ирээдүй харагдаж байна.


-Нэг асуултыг асуулгүй орхиж болохгүй байх. Танд ямар кино таалагдсан бэ?


-“Хөхөө” уран сайхны кино хамгийн гүн сэтгэгдэл төрүүлж чадлаа. Мөнхүү “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн Хятадын найруулагч Ван Сиао Шуайгийн “Баяртай, хүү минь” кино таалагдсан.


-Яагаад тэр вэ?


-“Хөхөө” кино бол монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг, өв уламжлалыг орчин үеийн залууст харуулж чадсанаараа их онцлогтой бүтээл болсон. Сүүлийн үед иргэншилд суурьшсан хорин хэдэн жилийн түүхэнд төрж өссөн хүүхдүүд нүүдэлчин ахуйгаа сайн мэддэггүй. Тиймээс ч ёс заншил, нүүдэлчин амьдралыг бусдад таниулж байгаа нь бахдууштай. Нөгөөтэйгүүр элдэв үйл явдал, чимэггүйгээр хүний оршихуйн асуудлуудад хандаж, хөдөөгийн эгэл жирийн амьдралын өдрүүдийг яг байгаагаар нь харуулсанд талархаж, найруулагч Ж.Жамьянсүрэнг бахадсан даа. 

Холбоотой мэдээ