Агаараар тээвэрлэгч компаниудыг санхүүгээр дэмжих талаар судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-28 12:50:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, агаараар тээвэрлэгч компаниудыг "Чингис хаан" шинэ нисэх буудал руу нүүлгэж ажлаа хэвийн явуулахад шаардах хөрөнгийг шийдвэрлэх талаар судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа. 


Хуралдаанаар мөн олон улс болон орон нутагт хуваарьт нислэг үйлддэг "МИАТ" ТӨХК, "Хүннү Эйр", "Аэро Монголиа" ХХК-ийг санхүүгээр дэмжих асуудлыг судалж танилцуулахыг үүрэг болгов. 


Хуралдаанд цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийн талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцуулсан юм. Тухайлбал, олон улсын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор, "МИАТ" компанийн 1370 нислэг цуцлагдсан бөгөөд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 75 удаа тусгай нислэг хийгээд байна. Оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Хэдийгээр бусдад төлөх төлбөрөө эцсийн шат хүртэл нь хойшлуулж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа танаж, хүний нөөц, цалингаа зохицуулж байгаа ч байдал хэвээр үргэлжилбэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсээд байгаа юм.

Холбоотой мэдээ