“Ятгах тусам нягтал-2” аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-28 17:08:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн залилан луйврын гэмт хэргээс сэргийлэх “Ятгах тусам нягтал” гурав дахь удаагийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, хэрэглээг хялбарчилж буй сайн талтай ч мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаарддаг.


Манай улсад өнгөрсөн хугацаанд гарсан гэмт хэргийн багагүй хувийг санхүүгийн залилан, луйвар эзэлж, хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум төгрөгт хүрчээ.


Иймд Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээллээ алдвал учрах аюул, хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлаа хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийн тоо, хохирлыг бууруулахаар 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй аян”-ыг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулсан.

Үүнийг үргэлжлүүлэн “Ятгах тусам нягтал-2” аяныг дээрх байгууллагын оролцоотой гурван сарын хугацаанд дахин хэрэгжүүлнэ.


Аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй олон улсын мөнгөн гуйвуулгатай холбоотой мөн интернэт банк ашигласан цахим залилан, луйвраас хамгаалах, картын залилан луйвраас сэргийлэх, онлайн худалдааны аюулгүй байдал, пин кодны нууцлал аюулгүй байдал зэрэгт анхаарч мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг мэдээллийг түгээх юм. 


Холбоотой мэдээ