Ховд аймгийн Музейн сан хөмрөгт 13 тамга бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-28 20:22:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн сан хөмрөгт 1930 оноос эхлэн 13 тамгыг хадгалж байна.

Эдгээр тамгыг 1921-1928 онд Дотоод явдлын яаманд үйлдвэрлэсэн бөгөөд Монгол Улсад засаг хошуу байгуулагдсанаар ашиглаж байснаараа онцлогтой. Эрх мэдэл, захирах эрх зүйн хэм хэмжээг нийтэд тунхаглан зарлаж, баталгаажуулдаг тус тамгуудыг одоогийн Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дахь хошууд хэрэглэж байв. Эдгээр тамганы үсгийг монгол бичгээр бичээд гол хэсэгт соёмбыг оруулж өгчээ. 

Ингээд зарим тамганы талаар товч танилцуулж байна. 


Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошууны захирагч тамга

Олхонууд, Бэсүд голлосон овгуудын нутаг Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууг 1921 онд “Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу” хэмээн нэрлэжээ. Улсын анхдугаар их хурлын шийдвэрийн үндсэн дээр орон нутгийн засаг, захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийж Сутай уулын хошууг Ховд аймгийн Дарви сум болгон нэрийдэж, 1927 онд сумын анхны бага сургуулийг байгуулжээ.  

Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошууны захирагч тамгыг 1925 онд ган төмрөөр хийсэн. Уг тамганы жин нь 633 гр. Өндөр ба өргөн 6.7 см. Зузаан нь 1.7 см аж.

Тамганы дардас дөрвөлжин хүрээн дотор “Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошууны захирагч тамга” гэж монгол бичгээр бичсэн. Ингэхдээ тухайн хошууны нэрийг хоёр хэсэгт хуваан, дөрвөн мөр болгож сийлсэн. Улмаар гол хэсэгт Монгол төрийн бэлгэдэл болсон соёмбыг оруулсан байна. Мөн тамганы дардасны хажуу талд он, “Дотоод яаманд үйлдэв” гэх бичиг буй.


Чандмань уул аймгийн Наранхайрхан уулын хошууны захирагч тамга

Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дөрөвдүгээр тогтоолд: Чандмань уул аймгийн захиргаанд найман хошуу, 41 сум багтаж орсон байна. Тэдгээрийн нэг хошуу нь одоогийн Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгуулсан Наранхайрхан уулын хошуу юм. Уг хошууны захиргаанд Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн нутаг дэвсгэр багтаж байлаа.

Чандмань уул аймгийн Наранхайрхан уулын хошууны захирагч тамгыг ган төмрөөр хийсэн. 820 гр жинтэй. Өндөр ба өргөн нь 6.6 см байна. Харин зузаан нь 1.6 см аж.

Тамганы дардасны голд соёмбо сийлсэн ба “Чандмань уул аймгийн Наранхайрхан уулын хошууны захирагч тамга хэмээн монгол бичгээр бичсэн байдаг. Тус тамгыг 1962 оны тавдугаар сарын 01-нд Ховд аймгийн Музейн сан хөмрөгт бүртгэн авчээ.


Хантайшир уулын Бүс хайрхан уулын хошууны захирагч тамга

1924 оны есдүгээр сарын 02-нд хуралдсан Хантайшир уулын аймгийн анхдугаар хурлын тогтоолоор Дайчин бэйсийн хошууг Хантайшир уулын аймгийн “Бүс хайрхан уулын хошуу гэж өөрчлөн нэрлэж, дотор нь Баянжавхлан, Бүрэнжаргалан, Бууралхайрхан, Баруунсутай, Бүс хайрхан, Зүүн сутай, Хансүмбэр, Ханжаргалан, Цэцэг нуур сум гэх зэргээр нэрлэсэн сумдтай болжээ. Бүс хайрхан уулын хошуунд нь одоогийн Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэр багтаж байв.

Хантайшир уулын Бүс хайрхан уулын хошууны захирагч тамгыг 1928 онд гууль цутган хийсэн. Жин 480 гр. Өндөр ба өргөн 5.5 см аж. Харин дардасны зузаан нт 1.5 см байна.


Ховд аймгийн Алтай ханы Урианхай хошууг захирагч тамга

1927 онд Монгол Улсын засаг захиргааны шинэчлэлээр Ховд аймгийн Алтай хан уулын Урианхайн зүүн баруун хоёр хошуу байгуулжээ. Энэ хошууны нутаг дэвсгэрт одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Баян-Өлгий аймгийн Булган, Буянт,Алтай сумын нутаг багтаж байжээ.

Ховд аймгийн Алтай ханы Урианхай хошууг захирагч тамга” гэх монгол бичиг бүхий тус тамга нь 680 гр жинтэй. Өндөр ба өргөн 6.6 см хэмжээтэй. Харин зузаан 1.5 см  бөгөөд ган төмрийг цутган хийснээрээ онцлогтой гэж Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн тайлбарлалаа. 

Холбоотой мэдээ