Ховд, Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчид туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-29 14:10:28

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулах үйл ажиллагаанд сүүлийн гурван жилийн хугацаанд амжилттай оролцож, санхүүгийн дэмжлэг авсан зарим гарааны бизнес эрхлэгчдийн “Сайн туршлага” уулзалтыг энэ сарын 28, 29-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Тус уулзалтад гарааны бизнес санаагаа бодит хэрэг болгож чадсан Ховд, Говь-Алтай аймгийн 60 орчим баг оролцсон юм.

Энэ үеэр гарааны бизнес төслийн шинэлэг байдал, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, шинэ ажлын байр бий болгох гарц, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбооны талаар оролцогчид харилцан туршлага солилцсоноороо онцлогтой.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Говь-Алтай аймагт  20 орчим багийн залуусыг дэмжин ажиллажээ. 

Харин Ховд аймгийн тухайд 32 гарааны бизнесийг дэмжсэнээр тэдгээр аж ахуйн нэгжүүд шинэ бизнесээ амжилттай эхлүүлж, орон нутгийнхаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадсан гэж албаныхан онцоллоо.   

Мөн энэ жил Ховд аймгийн хэмжээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 13 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж, тус бүр 10 сая буюу нийт 130 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох төлөвлөгөөтэй байгаа юм.     

Энэ удаагийн уулзалтын үеэр “Гарааны бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар орон нутгийнхаа шинэ, шилдэг бүтээгдэхүүний дээжийг иргэд олон нийтэд танилцууллаа.

Тус үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”, Start up Mongolia ТББ хамтран ажилласан юм. 

Холбоотой мэдээ