“Монголын оюутны спортын V наадам”-ын нээлтээр анхны сүлд дуугаа эгшиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-30 14:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын оюутны спортын V наадам”-ын зохион байгуулалт болон уг наадмын нээлтийн ёслолын талаар өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ болон зохион байгуулагчдаас хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.


Энэхүү наадмыг Монгол Улсын бүх оюутны дунд 2005, 2009, 2013, 2017 онд 4 удаа амжилттай зохион байгуулсан уламжлалтай. Монголын оюутан залуусын хүсэн хүлээдэг тус наадмыг энэ оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болсон юм.


Монгол Улсын Биеийн тамир, спортын хуулийн 6.1.5 ба 17.2 дах заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/493 тушаал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/46 тоот тушаалд заасны дагуу “Монголын оюутны спортын V наадам”-ын шигшээ тэмцээнийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 10-нд спортын 10 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.



“Монголын оюутны спортын наадам” нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхолыг төрүүлэн хөгжүүлэх,  шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд  өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.


Тус хэвлэлийн бага хурлын үеэр МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Доктор Д.Жаргалсайхантай уулзаж энэхүү уламжлалт наадмын бэлтгэл ажил, наадмын эргэн тойрны үйл ажиллагааг сонирхлоо.


-Монголын оюутны спортын V наадам” дэлхий нийтэд тархаад байгаа “COVID-19” халдварын улмаас бусад спорт, урлагийн наадам, тэмцээн, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосны адил хойшлогдоод байсан. Оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон энэ наадмын бэлтгэл ажлын талаар сонирхуулна уу?


-Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, ЗГТА - Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ ажиллаж байна. Хамтрагч байгууллагаар БШУЯ болон Монголын оюутны холбоо ажиллах юм. Наадмын Зохион байгуулах хороо /ЗБХ/-г 10 хүний бүрэлдэхүүнтэй 2019 онд байгуулан бэлтгэл ажлыг хангаж байна. Наадмыг дэмжигч байгууллагаар Б.Ганхуяг захиралтай Үндэсний бүтээн байгуулагч “Эрдэнэс-Таван толгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны спортын V наадамд туслалцаа үзүүлэн оролцон үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа.COVID-19” халдварын улмаас уг наадмыг 2020 оны 4 болон 10 сард явуулахаар төлөвлөсөн хугацаанд 2 удаа өөрчлөлт орсон нь бүсийн болон гадаадад суралцагч оюутны спортын наадам явагдах боломжгүй болсон. Наадмын зааврын энэ хэсэгт өөрчлөлт орж бүсийн наадам зохиогдоогүйн улмаас сагсан бөмбөг, волейболын тэмцээнд оролцогч багт хязгаар тогтоон 2017-2019 онд МОСХ-ноос явуулсан тэмцээний рейтингээр зохих тооны багуудыг оролцуулахаар болсон. Наадмын бусад 8 спортын төрөлд оролцоход оюутнуудад ямар нэг хязгаар тогтоогоогүй аж. Мөн бүсийн наадам явагдаагүй тул орон нутгийн оюутны дунд энэ оны 12 сарын 11-13-нд Архангай аймгийн төвд “Монголын оюутны спортын наадмын бүсийн тэмцээн” явуулахаар болж заавар нь батлагдаж бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ наадамд 10 орчим аймаг дахь ИДС-ийн 400 орчим шалгарсан оюутнууд спортын 5 төрлөөр өрсөлдөх юм.



-Энэ V наадмын анхан шатны тэмцээнүүдэд хэчнээн оюутан оролцсон. Энэ удаагийн наадмын бэлгэдлийн талаар сонирхуулна уу?      


-Наадмын анхан шатны тэмцээнүүд ИДС бүрд төрөл бүрийн хэлбэрээр 2019, 2020 онд үргэлжилж, нийтдээ 94 ИДС-ийн 150 мянган оюутнууд хамрагдан оролцож, наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчидаа шалгаруулсан. Наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг, бүртгэлийн анх удаагаа  БТСУХ-ны www.sportgames.mn сайтаар дамжуулан цахимаар явагдаж байна.


Наадмын бэлгэдэлээр Монголын говийн ховор амьтан “Мазаалай” баавгайг сонгон авч, шагнал хүртэх бүх тамирчдад бэлэг болгон гардуулан өгөхөөр бэлтгэсэн. Мөн энэхүү ховор амьтаны талаар мэдээ, мэдээллийг оюутан залуучуудад хүргэх болон нийгэмд түлхүү ойлголт хүргэн, анхаарлыг хандуулж ажиллаж байна. Наадмын шигшээ тэмцээнүүдээс хамгийн эхэнд 11 сарын 03-08-нд сагсан бөмбөгийн тэмцээн болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн болж, сугалаа явагдаж, тоглолтын хуваариуд гарсан.


-Наадмын үйл ажиллагааг болон уралдаан тэмцээний талаар мэдээлж, сурталчилах мэдээллийн ямар байгууллагууд байна вэ?


-Наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ийн Спортын суваг шууд дамжуулах эрхийг авч, зарим спортын төрлийг хэсэгчлэн болон нэвтрүүлэг болгож олон нийтэд хүргэнэ. Мөн мэдээллийн дэмжигч байгууллагаар МОНЦАМЭ агентлаг, Ийгл ТВ, Боловсрол ТВ энэ наадмыг сурталчилан ажиллана. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж хэлэхэд Та бүхнийг оюутан залуучуудад зориулсан энэ наадмын хэвлэл мэдээллиин дэмжигч  байгууллагаар оролцон, бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Наадмын тухай мэдээлийг бид БТСУХ-ны www.sportgames.mn  сайт болон МОСХ-ны www.mssf.mn сайт, МОСХ-ны Mongolian student sports federation/Монголын оюутны спортын холбооны гэсэн фэйсбүүк хуудсаар болон montsame.mn сайтаар дамжуулан хүргэж байна. МОСХ-ны дэргэд наадмын хэвлэлийн алба байгуулагдан ажиллаж байгаа. Наадмын тухай танилцуулга орсон 2020 оны 06 сард МОСХ-ноос хэвлэгдэн шинээр гарсан “Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” номыг мэдээллийн байгууллагуудад түгээж өгсөн, та бүхэн эндээс оюутны спортын үзэл санаа, үйл ажиллагааны талаар өргөн ойлголт, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна.


-Наадмын нээлтийн ёслол ирэх даваа гарагт болох юм байна. Энэ талаар сонирхуулна уу?  


-Наадмын нээлтийн ёслол 2020 оны 11 дүгээр сарын 02-нд 14:30 цагаас Спортын төв ордоны “А” зааланд болж, 40 орчим их, дээд сургуулийн 1500 гаруй шилдэг оюутан залуучууд оролцох гэж байна.


Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх оролцохоор уригдсан байгааг мэдэгдэхэд таатай байна. Мөн Засгийн газрын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан болон их, дээд сургуулийн захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан 10 спортын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирнэ.


Наадмын нээлтийн ёслолд 4 их, дээд сургуулийн шилдэг тамирчид Төрийн далбааг мандуулах, тамирчид болон шүүгчдийн тангаралг өргөх ёслол хийх, соёл урлаг, спортын тоглолтууд болно. Хамгийн содон сайхан мэдээг дуулгахад, Монгол Улсын гавьяат жүжигчин Чингис хаан хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайхан Монгол оюутны спортын сүлд дууллыг зохион анх удаа тайзан дээр дуулах юм. Та бүхнийг “Монголын оюутны спортын V наадам”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна. 

Холбоотой мэдээ