Оросын хоёр жолоочоос коронавирус илэрсэн тул Цагааннуур боомтоос буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-30 16:01:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хөдөлгөөнт лаборатори энэ сарын 24-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур боомтод байрлаж, ОХУ-аас бараа таваар тээвэрлэдэг жолооч нарт шинжилгээ хийж байгаа.

Тус лаборатори нь нийтдээ 67 хүнд шинжилгээ хийгээд байгаа аж.

Харин энэ сарын 29-ний өдөр ОХУ-аас ирсэн хоёр жолоочоос "Ковид-19" халдвар илэрчээ.

Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тухайн 2 жолоочийг ачааны хамт ОХУ руу буцаасан байна.

Мөн маргааш Баян-Өлгий аймагт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ирж, Цагааннуур боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг хэлэлцэх ажээ.

Холбоотой мэдээ