"Сэлэнгэ-2020" хээрийн сургууль өнөөдөр дуусав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-10-31 18:46:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2020" тактикийн хээрийн сургуулийн төгсгөлийн шат ОХУ-ын нутагт өнөөдөр боллоо. 

Тодруулбал, байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ сарын 28-30-нд ОХУ-ын Буриад улсын нутаг дэвсгэр “Бурдун”-ы полигонд явагдлаа. Энд Монгол Улсын Онцгой комиссын зөвшөөрөл, шийдвэрийн дагуу Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан Опертавын шуурхай бүлэг оролцож, хамтарсан сургуулийг явуулав. Энэ удаагийн сургуулийг дэлхий нийтээр тархсан "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд анх удаа хоёр улс өөр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, сургуулийн төгсгөлийн шат буюу нэгдсэн Команд штабын хээрийн сургуулийг ОХУ-ын нутаг дэвсгэрт хамтран явуулав.


Энэ удаагийн хээрийн тактикийн сургуульд ОХУ-аас 600 гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техниктэй, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс мөн тооны цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техниктэйгээр “Терроризмын эсрэг операцын үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбарын харилцан ажиллагаагаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах” гэсэн 3 үе шаттай зохион байгууллаа.


“Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийн төгсгөлийн шатанд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний тодорхой тооны бүрэлдэхүүн УОК-ын тогтоосон шийдвэрийн дагуу 21 хоногийн хугацаатай тусгаарлалтад орно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнөөдөр мэдээллээ. 



Холбоотой мэдээ