Хотын төв ба захын зохицолдоог судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2015-09-28 13:27:37

Монгол, Франц Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар 2015” хот төлөвлөлт, архитектурын семинар зохион байгууллаа.

Уулзалт семинарыг “Гэр хороолол ба хотын зах”, “Орчин үеийн өндөр барилгууд ба төвлөрөл”, “Монгол Улсын хотжилт: Жирийн хот уу эсвэл онцгой нэгэн хот уу” сэдвээр зохион байгуулав.

2013 оноос хойш Улаанбаатар хотын захиргаа, Монгол дахь Францын ЭСЯ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр ШУТИС, Парис Вилеттийн Архитектурын үндэсний дээд сургууль /ENSAPLV/, Парисын хот төлөвлөлтийн газар /APUR/ хамтран “Улаанбаатар-2015” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2013 онд оюутнууд нийслэл хот дахь  барилга байгууламжийн хэлбэр хийцийг судалсан бол 2014 онд хотын барилгажилтын түүх, түүний орчин үеийн өөрчлөлт, хувьсал болон социализмын үед баригдсан өндөр барилгуудын цаашдын ирээдүйн талаар судалгаа явуулжээ. Харин энэ онд “Хотын зах” сэдвээр хотын төв ба зах хоорондын зохицолдоог судлахаар төлөвлөж байгаа аж.

Энэ удаагийн уулзалтаар өөрийн гэсэн онцлог бүхий хотын талаар салбарын мэргэжилтэн, судлаачид санал солилцов. Мөн Францын Нийгмийн шинжлэх ухааны дээд судлалын сургуулийн /EHESS/ сургалт хариуцсан захирал, нэрт антропологич Мишель Ажие оролцов. Тэрээр  “Хүн төрөлхтөний даяаршил, хотын захын хороолол болон хотжилт хоорондын уялдаа, үүсч буй шинэ нөхцөл байдал”-ын талаар хийсэн судалгаагаа танилцуулсан юм.

Энэхүү семинарыг Монгол улс дахь Францын ЭСЯ, Улаанбаатар хотын захиргаа, Архитектур, Хүн судлалын лаборатори /LAA/, Парис Виллетийн Архитектурын үндэсний дээд сургууль /ENSAPLV/, Хүн судлалын шинжлэх ухааны газар /MSH/, Парисын хот тохижилтын газар /APUR/, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, Францын институт болон Улаанбаатар хот дахь Монгол-Францын төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулав.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд