Онцгой байдлын салбарт төсөл хэрэгжүүлэх франц мэргэжилтнүүдийг авчрах боломжийн тухай ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзсан тухай Шадар сайдын ажлын алба мэдээлэв.
Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэж буй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай хөгжиж буйд Шадар сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр, "Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэхэд Франц Улсын Засгийн газар дэмжлэг болж буйд талархаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж буй чухал төслийг үр дүнтэй болгоход бүхий л талаар дэмжих болно" хэмээв.
Франц Улсын Засгийн газраас олгох 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийг эхлүүлэх ажил цар тахлын улмаас удаашралтай байгааг Шадар сайд тэмдэглэв. Талууд Монгол Улсад ирж ажиллах, сургалт хийх франц мэргэжилтнүүдийг Монгол Улсад хүлээн авах боломжийг ярилцжээ.
Монгол Улсын Шадар сайд уулзалтын төгсгөлд Манай улсаас авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээтэй уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэхийн тулд бүхий л хувилбар, шийдлийг эрэлхийлэхээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах талаар санал солилцлоо.