Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын зарим асуудлаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан талаар сайд Г.Ёндон танилцуулав. Үүнтэй холбогдуулан, салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Үндэсний геологийн албаны харьяанд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг ажиллуулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Мөн Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулах, сонгон шалгаруулалт зарлах боломжийг судлах, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болох, Өмнийн говийн бүсэд хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтад шаардах усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэл газрын доорх усаар хангахыг үүрэг болгов.
Түүнчлэн автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох, зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.