Ч.Чимэдийг Увс аймгийн Засаг даргаар томилохоос татгалзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс
аймгийн Засаг даргаар Ч.Чимэдийг томилохоос татгалзсан хариу илгээсэн байна.
Өнгөрсөн сарын 26-28-ны хооронд хуралдсан аймгийн ИТХ-ын
8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар АН-аас
сонгогдсон Ч.Чимэдийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлээд
байсан юм. Энэхүү бичгийн албан ёсны хариу энэ сарын 9-нд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдод иржээ. Уг бичигт “Увс
аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг
даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Ч.Чимэдийг томилохоос татгалзаж байгааг
үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх” гэжээ. Энэхүү албан
бичгийг энэ сарын 5-ны өдөр гаргасан байна.
Саяхан болсон орон нутгийн сонгуулиар Увс аймгийн ИТХ-ын
41 суудлын 19-г АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан бөгөөд аймгийн хурал
зөвшилцөлд хүрч чадахгүй гурван хоног сунжирсны эцэст бие даагчид АН-тай
хамтран засаг байгуулахаар болсон юм. Улмаар аймгийн ИТХ-ын даргаар бие даагч Ц.Батболдыг сонгож, Засаг даргаар Ч.Чимэдийг томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн.
Одоогоор Увс аймгийн 19 сумын шинээр бүрэлдсэн ИТХ-ын
төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаа сонгоод байна. Мөн сумдын
шинэ Засаг дарга нар ч тодроод байгаа бөгөөд тэднийг аймгийн шинэ Засаг дарга
батламжлах тул хүлээлтийн байдалтай байна.
Ч.Чимэдийн
тухайд...
Аймгийн Засаг даргаар
өргөн мэдүүлээд байгаа Ч.Чимэд нь аймгийн ИТХ-д 5 удаагаа сонгогдоод байгаа нь
энэ юм. Өмнө нь аймгийн ИТХ-д 16 жил ажиллахдаа 12 жилд нь тэргүүлэгчээр
ажиллаж, Увс аймгийн хөгжлийн бодлогыг боловсруулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байжээ. Мөн
2012-2016 онд аймгийн ИТХ-ын даргын хариуцлагатай албыг хашиж, Увс аймгийн өнгө төрхийг өөрчилж, иргэдийнхээ амьдрах орчин, амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлогыг боловсруулсан байна.