Монгол дахь ЮНЕСКО-гийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны тэнхимийн тэргүүлэгчийг батламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-11-10 13:04:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шинжлэх ухааны өдөр өнөөдөр тохиож буйг тохиолдуулан Монгол дахь ЮНЕСКО-гийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан хариуцсан тэнхимийн тэргүүлэгчийг батламжлав.

 

Тодруулбал, тус тэнхимийн тэргүүлэгчид /UNESCO Chair/ Монгол Улсын ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс профессор, доктор Михаель Вальтерийг нэр дэвшүүлэх ажлыг 2019 оноос эхлүүлжээ.  2020 оны есдүгээр сард Парис дахь ЮНЕСКО-гийн Төв байрны салбараас өргөдлийг хүлээн авч тэнхимийн тэргүүлэгчээр түүнийг томилсон байна.

 

Профессор, доктор Михаэль Вальтер 1994 оноос хойш Монгол орны хүрээлэн буй орчны судалгааны салбарт ажиллаж, өнгөрсөн хугацаанд үндэсний хийгээд олон улсын төрөл бүрийн байгууллагад ажилласан  туршлагатай судлаачийн нэг юм.

 

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн 1962 оноос хойш Монгол Улсад Газарзүй болон Хүрээлэн буй орчны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлжээ. Тус хүрээлэнгийн суурь болон хэрэглээний судалгааны ажлын чиглэл нь ЮНЕСКО-гийн санаачилж буй хөтөлбөр, стратеги болон Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт уялдаж байгаа юм.

 

ЮНЕСКО-гийн дэргэдэх Зүүн Төв Азийн хүрээлэн буй орчны шинжлэх ухааны тэнхимийн тэргүүлэгч нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүрээлэн буй орчны асуудал тэр дундаа усны салбарын /экогидрологийг хамруулан/ асуудалд мэдлэгийг түгээх, боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарах юм. Мөн Монгол орны хөдөө орон нутгийн усны эрүүл ахуй ба цэвэрлэх байгууламжийн асуудлыг сайжруулах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглан орон нутгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг бэхжүүлэхэд чиглэх аж.

 

Ёслолын ажиллагаанд  Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Др.Д.Баттогтох болон хүрээлэнгийн салбарын дарга нар, ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Др.Н.Навчцэцэг, ХБНГУ-ын ЭСЯ-ны орлогч сайд хатагтай Регина Рутэнбэрг, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУА-ийн харьяа хүрээлэнгийн удирдлага зэрэг 30 гаруй төлөөлөгч оролцов.

 


Холбоотой мэдээ