Ипотекийн агентлаг байгуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-10 14:36:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд Ипотекийн агентлаг байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар тусгасныг Монголбанкнаас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.


УИХ-аас энэ сарын 5-нд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоол баталсан. Үүнд инфляцийг 8-6 хувьд буулган тогтворжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх, саарал жагсаалтад дахин орохгүйн тулд үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, зээлийн хүүг жил бүр нэг нэгжээр багасгах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай тусгасан хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллийн эхэнд онцлов.  


Үндсэн чиглэлийн эхний бүлэгт Монголбанк, Засгийн газар, СЗХ бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх ажил, дараагийн бүлэгт санхүүгийн зах зээлийг тогтворжуулах хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулжээ. Тухайлбал, ТББ-тай хамтран ирэх онд мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын (ФАТФ) зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөр, зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих заалт байгаа аж.


Төв банк 2017 оноос төсвийн шинжтэй ажил санхүүжүүлэхгүй гэсэн зорилт тавьсан. Гэвч ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоохгүйн тулд төрөөс зохицуулах байгууллага бий болох хүртэл уг хөтөлбөр үргэлжилж байгаа юм. Тиймээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд Ипотекийн агентлаг байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар тусгасныг тэрбээр онцоллоо.

Холбоотой мэдээ