Д.Өлзийт: Ард иргэд үнэн бодит мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-11 14:28:11

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод “Хархан нүдэн” тоглолт үзсэн Увс аймгийн харьяат иргэдийн дунд коронавирусний халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө 6.00 цагт хуралдаж, шуурхай арга хэмжээ авсан бөгөөд энэ талаар аймгийн ОБГ-ын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Өлзийтөөс тодрууллаа.


-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байна?

-Коронавирусний халдвартай хоёр иргэн Улаанбаатарт шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн шөнө Улсын онцгой комисс хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулаад аймгийн Онцгой комисс өглөө 6.00 цагт хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлээд Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарах авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Харин аймгаас сум хооронд гарах, орох автомашины хөдөлгөөн чөлөөтэй байгаа бөгөөд хамгийн гол нь ариутгал халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх, зорчигчдын халууныг хэмжих, хяналт тавьж ажиллахыг аймгийн гамшгаас хамгаалах албадын дарга, сумдын засаг дарга нарт үүрэг чиглэл болгоод байна.

Үүнээс гадна 11-р сарын 11-14-нийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд өмчийн төрөл хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. Мөн аймгийн хэмжээнд нийтийг хамарсан хурал цуглаан, спортын тэмцээн уралдаан, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, баар, караоке, PC тоглоомын газар, сүм хийд, шашны байгууллагуудыг ажиллуулахгүй байх, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх, барааны захын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан. Тэрчлэн төрийн болон төрийн бус байгууллагууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг сум, албан газар аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгоод байна.

-Улаанбаатараас автобус болон онгоцоор ирж байгаа зорчигчдыг яахаар болсон бэ?

-Энэ сарын 10-ны 11.00 цагт Улаанбаатараас гарсан автобус сая Улаангомд орж ирлээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс автобусаар ирсэн зорчигчдоос асуумж судалгаа авч, биеийн халууныг нь хэмжин, ариутгал халдваргүйтгэл хийгээд гэр гэр лүү нь явуулсан. Харин өчигдрийн автобус, онгоцоор ирсэн иргэдийг олж илрүүлэх, явсан зам маршрутыг тогтоох, асуумж авах ажлыг аймгийн Тагнуулын байгууллага, цагдаагийн газраас хамтарсан ажлын баг гараад шалгаж байна.

Увс аймгаас Улаанбаатар чиглэлд өглөөний 11.00 цаг, өдрийн 15.00, 17.00 цагаас гээд өдөрт гурван автобус хоёр талаасаа зэрэг хөдөлдөг юм. Өчигдөр Улаанбаатараас гарсан гурван автобуснаас өнөөдөр өглөөний байдлаар 11.00 цагийн автобус Улаангомд орж ирээд байна. Харин өчигдөр 15.00, 17.00 цагаас Увсын чиглэлд гарсан автобуснууд замдаа яваа. "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн хүмүүс энэ автобусаар наашаа гарсан, замдаа яваа гэсэн мэдээлэл байна. Эдгээр хүмүүсийг Улаангомд ирэхээр нь асуумж судалгаа авах, биеийн халууныг нь хэмжих, явсан газрын судалгаа тогтоох, шаардлагатай тохиолдолд тусгаарлах зэрэг арга хэмжээг авч ажиллана. Улаангом болон сумдад тусгаарлах байр бэлдсэн байгаа. Эхний шинжилгээний сорьцыг тоглолт болсноос хойш 6 хоногийн дараа буюу энэ сарын 13-нд иргэдээс авахаар болсон.   

-Ард иргэдэд хандаад юу хэлэх вэ?

-Ард иргэд маань үнэн бодит мэдээлэлд тулгуурлаж мэдээлэл авах хэрэгтэй. Ам дамжсан янз бүрийн цуу ярианаас аль болох хол байхыг нийт иргэддээ анхааруулж байна. Амны хаалт тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайтар сахиж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг иргэдэд онцгойлон анхааруулмаар байна.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ