“Super Bowl”-ын шоуны үеэр “Weeknd” уран бүтээлээ толилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-13 11:25:10

ВАШИНГТОН. /AP/. Ирэх онд болох Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний үеэр Канадын дуучин “Weeknd” уран бүтээлээ толилуулахаар болжээ.


Дэлхийн хамгийн том тоглолтуудын нэгд тооцогддог уг шоуг энэ оны хоёрдугаар сард 104 сая гаруй хүн үзжээ. “Super Bowl-2020”-ийн үеэр Шакира, Женнифер Лопес нар үзүүлбэрээ толилуулсан юм.


“Бид бүгд “Super Bowl” тэмцээний дундуур дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн үзүүлбэрийг үзэж өссөн. Энэхүү нэр хүндтэй тайзан дээр гарах болсондоо маш их баяртай байна” гэж “Weeknd” хэлжээ.


Өдгөө 30 настай “Weeknd” нь “Grammy” наадмаас гурван шагнал хүртэж байсан бөгөөд түүний сүүлд гаргасан “After Hours” цомог шилдэг цомгуудын жагсаалтад бичигдэж, “Blinding Lights” дуу нь Америкийн шилдэг 100 дууны эхний тавд хамгийн удаан багтсан уран бүтээл болсон ажээ.


Super Bowl”-ын завсарлагын тоглолт нь дэлхийн хөгжмийн салбарын хамгийн үнэ цэнтэй шоунд тооцогддог бөгөөд Майкл Жексон, “Prince”, Мадонна, Леди Гага, Бейонсе тэргүүтэй алдартнууд уран бүтээлээ толилуулж байсан юм. Ирэх оны “Super Bowl” Флорида муж улсын “Raymond James” цэнгэлдэх хүрээлэнд хоёрдугаар сарын 7-нд болно.

Холбоотой мэдээ