Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-13 18:48:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт тусгаарлалтад 36, гэрийн ажиглалтад 36 хүн байгаа ба тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд гурав дахь шинжилгээний хариу сөрөг гарсныг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

"Ковид-19" цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр УОК, аймгийн Онцгой комиссоос гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, иргэдээ хамгаалах зорилгоор аймгийн ОБГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг байгууллага хяналт тавьж хамтран ажиллаж байна. 

Тодруулбал, Энэ сарын 12-ны 22 цагаас эхлэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 14 пост ажиллаж эхэлсэн ба тусгай чиг үүргийн 30 алба хаагч постод үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Цагдаагийн газар болон ОБГ-ын алба хаагчид гудамж, хорооллоор эргүүл хийн, иргэдэд заавар зөвлөмж өгч, онцын шаардлагагүй бол гадуур сэлгүүцэхгүй, гэртээ байхыг анхааруулж байна.

Мөн аймгийн бүх төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ариутгал, халдваргүйжүлэлт хийхийг Зоонозын өвчин судлалын төв ба “Наран булаг” ХХК-д үүрэг болгосон байна. 

Сайнцагаан сумын Онцгой комиссоос нийт 84 аж ахуйн нэгж байгууллага, хүнс, барааны дэлгүүр, авто засвар, үйлчилгээний газруудын  үйл ажиллагаанд хяналт хийн зөвлөгөө өгсөн бол аймгийн МХГ 24 цагаар Шуурхай штаб ажиллуулж, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, супермаркет зэрэг 79 аж ахуйн нэгж байгууллагад ариутгал халдаргүйтгэлийн дэглэм, нөөцийн бэлэн байдал, цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтийг шалгаж, зөвлөмж өгч, аймгийн  авто  тээврийн шалган нэвтрүүлэх хоёр постод асуумж авч байна. 

Мөн тусгаарлах байруудад халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэм сахиулж, бэлэн байдлыг хангажээ.  

Холбоотой мэдээ