Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ЕХ-ны уриалга

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2020-11-30 14:46:02

-Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Жозеп Боррел болон Европын Холбооны Олон улсын Түншлэл хариуцсан Комиссар Юта Урпилайнен нарын хамтарсан илгээлт-

 

 

2020 оны эхээр, Ава охин хүчээр гэрлэх гэж буйгаа дуулахдаа дөнгөж 15 нас хүрч байлаа. Түүний өмнөөс шийдсэн ирээдүйгээс зугтах аргагүй мэт байвч Ава эцгийнхээ шийдвэрийг эсэргүүцэх эрэмгий зориг гаргажээ. Түүний амьдардаг Мали Улсын нэгэн жижигхэн тосгонд "Насанд хүрээгүй охидыг гэрлэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөл" хэмээх байгууллага ажилладаг байсан бөгөөд Ава тэрхүү байгууллагад хандан өөртөө тулгараад буй асуудлын талаар танилцуулжээ. Дээрх зөвлөлийн гишүүдээр олон нийтэд нэр хүндтэй хүмүүс байсан бөгөөд Авагийн эцэгт эрт гэрлэлтийн сөрөг талуудыг тайлбарлаж, түүнийг буруу шийдвэрээсээ татгалзахыг ойлгуулж чаджээ.

 

Ава шиг залуу охидын энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын Холбоо (ЕХ) сая дурдсан зөвлөл төдийгүй дэлхийн өнцөг бүрт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр анхааралтай ажиллаж байна. Дэлхийн иргэн бүр амьдарч буй орчин нийгэмдээ, өөрөө өөрийнхөө хувь тавиланг бие даан тодорхойлоход бусдын (хөндлөнгийн) ятгалга, дарамт шахалтгүйгээр эрх тэгш оролцож байхын төлөө Европын Холбоо ажиллаж байна. Энэ хүрээнд жендэрийн тэгш байдлыг дэлхий дахинаа ойлгуулахын төлөө уриалгаа үргэлжлүүлж, Жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны 3 дахь төлөвлөгөөгөө 2020 оны 11-р сарын 24-нд баталлаа. КОВИД-19 цар тахлын улмаас жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтод багагүй ухралт гарч буй энэ хязгаарлагдмал цаг үед иргэний нийгмийн байгууллагууд түүний дотор эмэгтэйчүүд, ЛГБТ асуудал хариуцсан төрийн бус байгууллагуудыг дэмжиж, жендэрийн эрх тэгш ертөнцийг бий болгох үйлсэд үүнээс өмнө хэзээ ч байгаагүй идэвхтэй хамтын ажиллагааг улам баталгаажуулсаар байна.

Ава охины түүх дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хувь заяагаа гартаа авч, жендэрт суурилсан тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцсэн охидын жишээ юм. Тэд өөрсдийн дуу хоолойгоор дамжуулан өөрчлөлтөд уриалж, Европын Холбоо тэдний үргэлж дэмжсээр ирснийг энэхүү зорилгын үр дүнг нь үзэж, амьдралдаа өөрчлөлт олсон өсвөр насны олон охидын талархал, үгсээс төвөггүй олж хардаг юм.

Эмэгтэйчүүдийн эрх бол хүний үндсэн эрх бөгөөд жендэрийн эрх тэгш байдал нь ЕХ-ны суурь үнэ цэнэ тул ЕХ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон ЕХ-ны бүх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад тусгагдах ёстой юм. Тухайлбал, Бенгази хотод Туфахах Амин, Азиза Аль-Хасси, Амине Кашруда нар онлайн боловсрол олгох цахим хөтөлбөрийг ЕХ-ны дэмжлэгтэйгээр боловсруулсан байдаг. Сири улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд Газиантеп Эмэгтэйчүүдийн платформыг өнгөрсөн жил мөн л ЕХ-ны дэмжлэгээр амжилттай эхлүүлсэн. Энэтхэгт онлайн платформуудад зориулсан Digital2Equal санаачилгын хүрээнд, 15.000 эмэгтэй зочид буудал, рестораны үйлчилгээ үзүүлэх ур чадварын сургалтад хамрагдаж, ашиг орлого нэмэгдүүлэх боломжийг мөн ЕХ-ны дэмжлэгтэй бий болгосныг бусад орон ч судалсаар, жишээ болгосоор байгааг дурдахад таатай байна.

Олон мянган эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй тэгш байдлын асуудлыг тэнцвэржүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл нь бүгд өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд тэдгээрийг шийдвэрлэхэд олон талт яриа хэлэлцээр, түнш орнуудтай бодлогын саналыг хэлэлцэх эсвэл тодорхой төслүүдийг санхүүжүүлэх замаар бодит хариу арга хэмжээ авч байна.

Боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан охидод суралцах, боловсрол эзэмших, ирээдүйд өөрчлөлтийг авчрах итгэл үнэмшлийг суулгах нь олон улсын туршлагаас шалгарсан зөв эхлэх цэг бөгөөд эдийн засгийн бие даах чадваргүй, гарах гарцгүй боловч боловсрол бол ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөх зэргийг таслан зогсоох хамгийн хүчирхэг зам гэдэгт огт эргэлзэхгүйгээр урагшилж байна.


Энэ замаар явахад хувь хүний аюулгүй байдал, жендэрийн эрх тэгш байдлын эрсдэлийн удирдлага салшгүй чухал хэсэг төдийгүй, үүнд зориулсан сургалтын тусгай хөтөлбөрүүд ч тасралтгүй үргэлжилсээр байна. Тухайлбал, Мали улсын Сахел хот ЕХ-ны Чадавх бэхжүүлэх ангийн хөтөлбөрийг дотоод аюулгүй байдлын хүчний хөтөлбөртөө суулгасан байна.

Цар тахлаас үүдэлтэйгээр охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэл эрс ихсэж, хүчирхийллээс зугтаж, үйлчилгээ авахад улам хүндрэлтэй болж байгаа нь санаа зовоож байна. Ийм учраас ЕХ-ноос НҮБ-тай хамтран хоргодох байр, тусламжийн утас зэргийг ажиллуулан эмэгтэйчүүдийг хамгаалах анхан шатны байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна.

Нас, хүйсээс хамаарч хариу авах арга хэмжээ, жендэрт суурилсан хүчирхийллийн эрсдэлийг бууруулах ажил бол Европын Холбооны #TeamEurope санаачилгын КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг багасгах ажлын хүрээнд хийж буй цогц арга хэмжээний салшгүй нэг хэсэг юм. Шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс гадна хөдөлмөрийн зах зээл хумигдаж, дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж буй энэ цаг үед эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар бид мэдээлэлтэй байх ёстой. Зовлон бэрхшээл ихэнхдээ хэцүү ч заримдаа бас боломж авчирдаг. Ногоон буюу байгаль орчинд ээлтэй, шударга өөрчлөлт шилжилт, бүх нийтийн тэгш эрх, ардчилал, энх тайванч, хүртээмжтэй нийгмийг байгуулах үндсэн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог шинэ үеийнхэн охид, эмэгтэйчүүд дэлхийн шинэчлэлтийг тодорхойлоход улам бүр идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглэмээр байна. Тэд бол баатрууд юм.

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах улс орнуудын эдийн засгийн сэргээн босголт нь тэгш бус байдлыг бүтцийн хувьд арилгах, илүү хүртээмжтэй нийгмийг бий болгох боломжуудыг давхар тооцоолсон байх ёстой.


Улс орнуудын цахим шилжилтэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо нэн чухал гэдгийг олж хараасай гэж хүсэж байна.


Эмэгтэйчүүдийн эрхийн тухай Бээжингийн тунхаглалаас хойш 25 жил, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Эмэгтэйчүүд ба энх тайван, аюулгүй байдлын тухай 1325 тогтоолыг баталснаас хойш 20 жил өнгөрч байна. Эдгээрийг баталснаас хойш ахиц дэвшил тодорхой хэмжээнд гарсан ч дэлхийн нэг ч улс 2030 он гэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгодоо хүрч чадаагүй байна. Европын жендэрийн эрх тэгш байдлын хүрээлэнгээс саяхан гаргасан жендэрийн эрх тэгш байдлын индексээр Европ тивд ч тэгш байдал өнөөдрийн байдлаар хангагдаагүй л байна. Хэтэрхий олон эмэгтэй нөөц боломж, зайлшгүй авах нийгмийн үйлчилгээ, эрх мэдлийн тэгш хуваарилалт зэргээс хол хэвээр байна. Илүү хичээж ажиллахыг та биднээс шаардаж байна, цаг хугацаа.


ЕХ-ны Жендэрийн эрх тэгш байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө нь цаасан дээр бичээд үлдээх төдийхөн бус, харин бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж буй баримт бичиг юм.


Бид илүү олон охид эмэгтэйчүүдийг эдийн засаг, улс төр буюу байгаль орчин зэрэг олон чиглэлээр ажилладаг, манлайлагч болоосой хэмээн хүсэж байна, Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал зэрэг сэдвүүдийг жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хөтөлбөрт үргэлжлүүлэн тусгуулахыг хүсэж байна. ЕХ-ны харьяа байгууллагуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хөхиүлэн дэмжиж, жендэрийн мэдрэмжтэй манлайллыг өөрсдөөсөө эхлэж, үлгэр жишээ байхыг хүсэж байна. Жендерийн тэгш байдлыг Европын бодлогын гол цөм болгох нь зүйтэй гэж бид үзэж байгаа бөгөөд Жендэрийн эрх тэгш, шударга, хүртээмжтэй дэлхий ертөнц нь бид бүгдийн хувьд илүү хөгжингүй, аюулгүй ертөнцийг цогцлоохоос гадна энэ асуудал бүхэлдээ Европ тив, төдийгүй дэлхий дахинд бодлогодоо зайлшгүй тусгах ёстой эрхэм зорилгын нэг гэж үзэж байна.

 

Холбоотой мэдээ