Төв аймагт 64 иргэн гэрийн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-19 15:55:34

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын шуурхай штабаас 11 дүгээр сарын 18-ны ээлжит мэдээлэл хийлээ. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Төв аймагт нийт 64 хүн тусгаарлалтад байна.

Тодруулбал 11 дүгээр сарын 18-ны байдлаар гэрийн ажиглалтад 10 хүн нэмэгдэж нийт 64 иргэн гэрийн тусгаарлалт болон ажиглалтад байна. Үүнээс Зуунмод суманд 28, Баянцагаанд 4, Лүнд 3, Заамарт 5, Жаргалантад 2, Сүмбэрт 12, Алтанбулагт 3, Аргалантад 1, Бүрэн суманд 12 иргэн тус тус гэрийн тусгаарлалт болон ажиглалтад байгаа аж.

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Эрүүл мэндийн яамнаас аймгийн Нэгдсэн эмнэлгийг 1000 ширхэг түргэвчилсэн оношлуураар хангасан. Үүнээс өнөөдрийн байдлаар 12 суманд түргэвчилсэн оношлуурын түгээлт хийж сумдын Эрүүл мэндийн төвүүдээ хангасан. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар Төмөр зам дагуух сумдын өртөөн дээр шинжилгээ хийсэн. Үүнд Төв аймгийн Баян, Сэргэлэн, Батсүмбэр сумын 7 зөрлөг болон 16 өртөөний төмөр замын нийт 446 ажилчинд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан. Одоогийн байдлаар төмөр замын ажилчдыг шинжилгээнд 91,6 хувьтай хамруулсан. Харин үлдсэн 37 иргэн ээлжийн амралттай байгаа болон Улаанбаатар хотод гэрийн хөл хорионд орсон байгаа судалгааг гаргаж бүртгэлжүүлсэн байна. Түүнчлэн энэ сарын 08-ны өдөр “UB палас”-т “Хархан нүдэн” тоглолт үзсэн байх магадлалтай Заамар сумын 5, Аргалант сумын 1, Жаргалант сумын 2 нийт  8 иргэний 11 дүгээр сарын 15-ны өдрийн PCR шинжилгээ сөрөг гарсан" гэв. 

Тиймээс улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа тул шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, хорио цээрийн дэглэмийг мөрдөж үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө болон коронавирусний халдварын бэлэн байдлын талаарх тушаал шийдвэрийн мэдээллийг аймгийн онцгой комиссын шуурхай штабын утас 70275450, Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 70272225 утсаар холбогдон авахыг Аймгийн онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ