Нийслэлд 10-17 цагийн хооронд тээврийн хэрэгслийн тоо 87 хувиар буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-19 16:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ.


Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар: НОК-ын шуурхай штаб, дүүргүүдийн шуурхай штаб болон Гамшгаас хамгаалах албадад нийт 25 мянга гаруй албан хаагчид ажиллалаа. Нийслэлд 18 цэгт болон ӨЭМТ-ийн 84 цэгт нийтдээ 102 цэгт “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн шинжилгээг 3386 хүнээс авсан бөгөөд тэднээс 12 хүний шинжилгээний хариу эерэг гарсан боловч дахин баталгаажуулж авсан PSR шинжилгээ нь бүгд сөрөг гарлаа. Мөн нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийн асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдрийн 14 цагийн байдлаар 14 байршилд 50,3 тонн махыг иргэдэд худалдагдаж байна. Энэ ажил 5 дахь өдрөө үргэлжилж байгаа. Бусад хүнсний бүтээгдэхүүний нөөцийг бид статистикийн байгууллагуудтай хамтраад судалгааг гарган ажиллаж байгаа бөгөөд нөөцийн хувьд 35-110 хоногийн нөөц байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ НЗД-ын захирамжаар өглөөний 07-10 цаг, 17-20 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа бөгөөд өнөөдөр 92 чиглэлд 22 байгууллагын 870 нийтийн тээвэр зорчигчдод үйлчилж байгаа. Өнөө өглөөний байдлаар 47 мянга 726 зорчигч үйлчлүүлсэн байна.Тээврийн хэрэгслийг дундын болон эцсийн зогсоолд нь халдваргүйтгэл, ариутгалыг хийж байгаа бөгөөд нийтдээ 2500 удаа хийсэн байна. Урд шөнө авто тээврийн шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар руу орсон 1765, гарсан 1926 нийт 3009 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 7659 иргэн зорчсон байна. Энэ хүмүүст бид эрүүл мэндийн үзлэг тандалт хийгээд, яг хаана ирж, очих гэж байгааг асуумжаар тодорхой болгон бүртгэж байгаа.  Мөн их дээд сургуулийн 42 дотуур байранд мэргэжлийн хяналт шалгалт явуулж, ариутгал, халдваргүйтгэлийг хийсэн. НОК-ын Шуурхай штабын дэргэдэх 2 утсанд дуудлага ирж байна. Урд шөнийн байдлаар 1134 дуудлага ирсэн нь өмнөх үеэс 400 гаруй дуудлагаар илүү байлаа. Иргэд нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ болон "COVID-19" шинжилгээний талаар гомдол, санал ирж байгаад тухай бүрд нь хариулт өгч байгаа. НОК-ын 324207, 321731 гэсэн дугаарт иргэдийн шуурхай мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол ажлын өдөр буюу 11 дүгээр сарын 17-нд 100 мянга хүрсэн. Харин НЗД-ын Захирамж гарч хязгаарлалт хийснээс хойш нийтийн тээврийн хэрэгслийн тоо 45-48 мянга болсон. Хязгаарлалтын үр дүнд 10-17 цагийн хооронд авто замын хөдөлгөөн оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо 87 хувиар буураад байна. Нийслэлчүүд та бүхэн НОК-оос гаргасан шийдвэр, зөвлөмжийг хатуу чанд дагаж мөрдөж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ