УРЛАГ ХЭМЭЭХ ТОЛЬ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-11-19 17:33:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Олон “яагаад” гэсэн асуултын үр дүнгээс л урлаг бүтдэг. Контемпорари хэмээх төрөл зүйл нь урлагийн постмодернизмын халааг авсан дүрслэх урлагийн чиглэл гэж хүмүүс нь үзэх нь олонтаа. Гэвч архитектур, бүжиг зэрэг урлагийн бүхий л чиглэлд хамаарна. Тодорхой хугацаанд л болж өнгөрдөг урсгалуудаас энэ чиглэл тусдаа яригдах төрөл мөн. “Үйлдлийн урлаг” хэмээх тодотголтой тус урлагт хэн нэгэнд сургамж өгөхөөс илүүтэй догдлуулах, хэн нэгнийг догдлуулахаас илүүтэй сургамж ч өгч болохын аль аль нь бий. Ер нь орчин үеийн урлагийг ганцхан өгүүлбэрээр тодорхойлох нь маш түвэгтэй болсон талаар судлаачид өгүүлсэн байдаг. Зарим нэг үйлдлийн урлагийг тухайн цаг үед үзэж, бишрэн хүлээж авчихаад маргааш нь мартаж болно. Урлагийн төлөө урлаг буюу зөвхөн үнэн байх ёстой гэдэг хатуу байр суурин дээр контемпорари зогсдог. Энэ ёсноос гажуудуулж орхивол ерөөсөө контемпорари байхгүй болж эцэстээ өнөөдрийн урлагт солиорлын түвшин л давамгайлах байсан биз ээ.


Энэ жилийн хувьд “Covid-19 тахлын улмаас болж улс оронд зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, хүмүүсийн оролцоотой бүхий л үйл ажиллагааны хүрээнд хумигдмал байдал үүссэн. Харин уран бүтээлчид дайн самуун, цар тахал, байгалийн гамшиг зэрэг ямар ч нөхцөлд бүтээлээ үйлдвэрлэсээр ирсний томоохон жишээ нь Хөшигийн хөндийд зохион байгуулагдсан “Өртөө” арт кэмп 2020 хөтөлбөр юм.


Уг хөтөлбөрт оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг, видео бүтээлийг дэлгэн үзүүлэх “Тусгал” үзэсгэлэн нээгдээд удаагүй байгаа билээ. Үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Монголын Урлагийн Зөвлөл болон уран бүтээлч Ж.Мөнхжаргал ажиллажээ.



Энэхүү үзэсгэлэн нь “Өртөө” арт кэмпийг Улаанбаатар хотын үзэгчдэд таниулахаас гадна Швейцарын “Smart хөтөлбөр, “Edelweiss арт зочид буудал, Монголын Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Хөх нар” контемпорари урлагийн төв, “Арт Авеню”, “МАРС” төсөлтэй хамтран зохион байгуулагдаж байгаа билээ. 22 уран бүтээлч оролцсон “Тусгал” үзэсгэлэнгийн үеэр “Өртөө арт кэмп” төсөл нь монголын контемпорари урлагийн цоо шинэ эхлэл болж байна хэмээн мэргэжлийн судлаачид дүгнэсэн юм. “Өртөө” арт кэмп нь өнгөрсөн 8 дугаар сарын 10-15-ны хооронд таван өдрийн турш “МАРС” төсөл байрладаг Хөшигийн хөндийд зохион байгуулагджээ. Чингэхдээ таван хоногийн хугацаанд уран бүтээлчид 80 мянга орчим бүтээл хийсэн байна.

АСУУДАЛ ӨӨРЧЛӨӨГҮЙ ӨӨР СЭДЭВ



Монголчууд эртнээс нүүдлийн соёл иргэншилтэй байв. Харин өдгөө эх орны дөрвөн зүг, найман зовхис, өнцөг булан бүрт энэхүү соёл бүдгэрсээр буй. Түүний эсрэг иргэншил дагасан нүүдлийн тоос тэнгэрт тулам өндөр болжээ. Мэдээж хөгжил цэцэглэлтийн унаанд суулгүй замд дээр ганцаар үлдэхийг хүсэх хүн үгүй. Гэвч Б.Чинбатын “Зүрхний бичлэг” бүтээлд өөр олон ч асуудал тусгалаа олжээ.


Тэрээр нэгэн өндөрлөг дэнжийн налуу хэсэг гэрийн хана босгож түүнийгээ бүхэлд нь тууз мэт улаан давуугаар хэрээслэн уяж өгчээ. Чингэхдээ нэг талын үзүүр нь багаас эхэлж, дундаа ханыг бүхэлд нь ороогоод төгсөхдөө дахин жижгэрч байна. Яг л зүрхний бичлэгийн дүрс автомат төхөөрөмж дээр бидэнд үзэгддэгтэй ижилхэн. Ханыг нэгэн толгойд бэхэлсэн улаан уяа нь эхлэх цэгийг илтгэнэ. Эндээс нүүдэлчдийн уламжлалт ёс заншил, үүх түүх нь хэчнээн том, басхүү бүрэн бүтэн байсныг харуулахыг сацуу төгсгөлд ойртох буюу хоёр ханыг толгойг ороож дууссан тэр цэгт бүдгэрч буйг өгүүлнэ. Гол нь нүүдэлчин түмний хэл соёл, уламжлалт зан заншил, дагшин байгаль, үүх түүхийн нүүдэл хэзээ ч үл зогсох ёстойг анхааруулхын сацуу энд л зүрх цохилж, зүрхний бичлэг амьд гэдгийг сануулан зуралзаж байдаг юм гэдгийг уран бүтээлч Б.Чинбат харууллаа.



Дээр өгүүлсэн сэдэвтэй уялдах дахин нэг бүтээл бол Л.Базарсадын “Дугуйгаас дөрвөлжин рүү” юм. Хонь мал бэлчсэн хөдөө талын уудамд цэнхэр өнгийн гонзгой дөрвөлжин байршуулжээ. Нэрний утгыг бодоод үзье л дээ. Дугуй нь юу байж болох вэ? Ямар дөрвөлжин рүү хүрэх гэж буй бол?


Энд маш ойлгомжтой нэгэн гаргалгаанд хүрч болно. Бид талын уудамд дөрвөн цагийн эргэлтэнд нүүдэллэн оршиж ирсэн. Хаваржаанаас нүүсэн ч гурван улиралын дараа эргээд хаваржаандаа бууна. Тийм л дугуйрсан нүүдэл. Харин дөрвөлжин нь суурин иргэншлийг буюу хот газрыг дүрсэлсэн нь илт. Гэвч өнөөх цэнхэр дөрвөлжин талд яг л ганц асуултын тэмдэг шиг үзэгдэнэ. Тэр асуулт нь энэ. Бид хааш нүүж яваагаа мэдэж байна уу?




Өөр нэгэн сонирхол татахуйц бүтээл нь Р.Чинзоригийн “Мэлмий” юм. Түүний бүтээлд ашигласан мэлмийн дүрс нь бурхадын нүдний голд дүрслэгдсэн гуравдагч мэлмий ажээ. Өвсөн дундаас энэхүү үй олон нүд өөдөөс ширтсэн байхуй нь яг л хүний дотоод сэтгэлийн гуравдагч мэлмий, далд ухамсараа гээлгүй цэцэгс мэт дэлгэрүүлэхийг хүсэх мэт. Нөгөөтэйгүүр байгаль дэлхий ч өөрийн гэсэн мэлмийтэй юм гэдгийг бидэнд үл үзэгдэх гуравдагч мэлмийгээр төлөөлүүлэн харуулсан нь давхар утга бүхий нэгэн шинэ урлагийг бүтээжээ.

БАЙГАЛИАС ҮЛ ТАСРАХУЙ





Бид суурин иргэншилтэй улсыг бодвол байгальд тун ойр ард түмэн. Тэгж хэлэх бүрэн үндэслэл одоо ч бий. Харин хурдтайгаар өөрчлөгдөж буй дэлхийн бүтээн байгуулалт, хууль бус уул уурхайн эрхлэлт, байгальтайгаа зүй бус харьцах нь олширсоор буй энэ цагт нэгэн том анхаарлын тэмдгийг Арт кэмпийн уран бүтээлчид Хөшигийн хөндийд зурж орхижээ. Тэдгээрийн нэг нь Ц.Солонгын “Солонгон төөрөгдөл”, Б.Энхтуяагийн “Сав ертөнц”, Ж.Пүрэвсүрэнгийн “Алт урсавч ууж болохгүй” хэмээх бүтээлүүд юм.


Ц.Солонгын “Солонгон төөрөгдөл” бүтээлд ширгэж буй голын ёроолыг бүхэлд нь хар давуу, гялгараар хулдаж орхисон байх бөгөөд тэдгээр нь усанд норж, нарны гэрэлд долгио татуулан мяралзах голын ус мэт болжээ. Холоос харсан хар хөх усан урссан гүнзгий гол шиг харагдана. Гэвч тэр бол төөрөгдөл. Яг л солонго шиг хоосон, хуурмаг үзэгдэл. Бидний бүтээсэн цаг зуурын, илбэ шиг хоосон, хиймэл эд зүйлс л байгаль эхийг орлон оршиж буйг илтгэхийн сацуу тэдгээр юмс эх дэлхийн жинхэнэ гоо сайхныг үгүй хийж, баялагийг нь хэрхэн цөлмөж байгааг сануулжээ.




Харин Ж.Пүрэвсүрэнгийн “Алт урсавч ууж болдоггүй” бүтээлд хадны завсраас ургасан мэт шар өвснүүдийг яг л горхи урсаж байгаатай адил өгүүлэмжтэй дүрслэн үзүүлжээ. Тэдгээр өвс бүгд намрын салхинд хатаж, хорчийсон үхмэл шар өнгөтэй. Алтан горхи урсаж байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч энэ үхмэл өвсийг ургамал идэшт, мал амьтан ч тоож идэхгүй. Түүнтэй адил алтаар ийнхүү гол урслаа ч бид ууж чадахгүй хэмээх ерөнхий үзэл дээр тулгуурлан хийсэн ч бүтээлийн сэтгэлгээ, арга барил цоо шинэ байсан нь нэн олзуурхууштай.




Дараагийн жишээ авах бүтээл нь Б.Энхтуяагийн “Сав ертөнц”. Уг бүтээлээс хээр хөдөө хог хаяж, байгаль дэлхийг бохирдуулах нь хэчнээн хор хөнөөлтэй зүйл болохыг харж болно. Гялгар тор, хуванцар сав газрын хөрсөнд шингэлгүй уддаг ба цаашлаад дэлхийн цаг уурт хэчнээн хор хөнөөлтэй болохыг илтгэсэн олон асуудлыг хөндөнө. Тэрээр бүтээлийнхээ тухай “Ланд арт инстоляци “Пластик” уут буюу гялгар тор нь миний бүтээлд хүсэл хэрэглээг даган стресс, уур бухимдал, сэтгэлийн тайван бус байдлаг илэрхийлдэг бөгөөд нөгөө талаар түүний байгаль эх, сав ертөнцөд үүсгэж буй хор хөнөөл, түүнээс урган гарч буй проблемтой асуудлуудыг хөнддөг” хэмээжээ.


Б.Энхтуяа дөрвөн зуу гаруй улаан эрээн өнгийн гялгар уутыг хэвлийн хэлбэр шиг дүрстэйгээр газрын хээлийг эмжээрлэн байршуулсан аж. Жинхэнэ тал газрын урлаг. Хүмүүсийг эд хөрөнгө, хэрэглээний хязгааргүй шунал, байгальд хог хаях нь энгийн үзэгдэл мэт болсон сэтгэхүйн доройтол зэрэг нийгэмд хурцаар тавигдаж буй олон асуудлууд “Сав ертөнц” гэх ганцхан бүтээлд тодоос тод туссан байна. Урлаг хэмээх толинд бид өөрсдийгөө нэг тольдох болсныг уран бүтээлчид ийнхүү санууллаа. 


Холбоотой мэдээ