Манжуур хотын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-24 12:41:44

БЭЭЖИН. /TASS/. ОХУ-ын Өвөр Байгалын хязгаартай хил залгаа оршдог БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод коронавирусний халдварын тархалтын байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус хотын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.  


“11 дүгээр сарын 24-нөөс эхлэн хотын нийтийн тээврийн хэрэгслийн бүх чиглэлийг түр хугацаагаар зогсоож байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сэргээх хугацааг нэмж мэдээлнэ" гэж Манжуурын эрх баригчид мэдэгдсэн байна.


Ням гарагт Хятадын эрх баригчид Манжуур хотод коронавирусний халдварын хоёр тохиолдол батлагдсаны дараа хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Хотын төмөр замын зорчигч тээврийн харилцааг түр хугацаагаар зогсоож, хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосны зэрэгцээ үзвэр үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэгүүдийг хаасан. Түүнчлэн хотын бүх оршин суугчийг (172 мянга орчим) коронавирусний шинжилгээнд хамруулахаар болсныг эрх баригчид нь мэдэгджээ.


Холбоотой мэдээ