БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-26 13:53:36

ЛОНДОН. /BBC/. Умард Солонгосын иргэн улс орноосоо оргон зугтахын тулд 3 метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу нэвтэрсэн тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Хил давахаасаа өмнө тэрбээр БНАСАУ-ын хамгийн чанга хамгаалалттай газруудаар анзаарагдахгүйгээр өнгөрч чадсан байна.


Арваннэгдүгээр сарын эхээр хил давсан эрэгтэй өмнө нь гимнастикч байсан аж. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 3-нд хоёр улс хоорондын цэрэггүй бүсийг гаталснаасаа хойш 14-хөн цагийн дараа тэрбээр хилээс нэг км-ын зайд Өмнөд Солонгосын цэргүүдэд саатуулагджээ.


БНСУ-ын эрх баригчид түүнийг яагаад оргон зугтах болсныг шалгаж байгаа аж. “The Korean Herald” сонины мэдээлснээр, тэд оргон зугтсан эрийг гурван метрийн өндөр хашаа давсан гэж үнэн хэлж байгааг шалгахын тулд хийсэн үйлдлийг нь хоёр ч удаа давтан үзүүлэхийг хүсжээ.


Ийм аргаар зугтаж чадсан нь үнэн бол БНАСАУ-ын цэргүүдэд анзаарагдахгүйгээр, цэрэггүй бүсэд байрлуулсан нэг ч минад өртөхгүйгээр БНСУ-д нэвтэрч чадсан нь анхаарал татаж байгаа юм. Түүнчлэн хашаан дээрх мэдрэгчүүд ажиллаагүй нь олны анхаарлыг татаж байна. 


Оргон зугтсан эрийн биеийн жин хийгээд өмнө нь гимнастикаар хичээллэдэг байсныг нь тооцож үзвэл ийм аргаар зугтах боломжтой гэж эрх баригчид үзжээ. Хил давсан этгээдийн нэрийг дурдаагүй ч насны хувьд 30 хүрээгүй аж.


Умард Солонгосын иргэн оргон зугтсан тухай мэдээлэл олон нийтэд хүрэх үед цэрэггүй бүсэд илрүүлгийн системүүд яагаад ажиллаагүй талаар болон хил давсан этгээдийг яагаад ийм удаан хугацаанд хайсан талаарх асуултууд олны анхаарлыг татсаар байна. 


Аюулгүй байдал алдагдсан хэд хэдэн тохиолдол гарсны дараа хил дээр ажиглалтын арга хэмжээнүүдийг чангатгах тухай шийдвэрийг БНСУ-ын эрх баригчид өмнө нь гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдрэгчүүдийн ажиллагааг шалгахаа мэдэгдсэн байна. 


Жил бүр дунджаар мянга орчим хүн Умард Солонгосоос оргон зугтаж, дийлэнх тохиолдолд уул толгод, гол усаар дамжсан аюултай замаар дамжин Хятад улсыг зорьдог аж. Оргон зугтсан хүмүүсийн дийлэнх нь БНСУ руу явж, тэндээ БНАСАУ-аас дүрвэгсдийн дасан зохицох тусгай хөтөлбөрт хамрагддаг байна.

 

Холбоотой мэдээ