Монгол Улсад батлагдсан 29 тохиолдолд коронавируст халдварын нууц үеийн судалгаа хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-11-27 12:02:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад бүртгэгдсэн 29 тохиолдол дээр коронавируст халдварын нууц үеийн хугацааг судалж үзжээ. Харин ДЭМБ-аас 50 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаар энэ хугацааг 14 хоног гэж тооцсон байдаг аж.


Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эрүүл хүн халдвартай хүнтэй  өртөх, вирус хүний биед халдвар орсноос хойш эмнэл зүйн шинж тэмдэг буюу вирус илрэх хугацааг халдварт өвчний нууц үе гэж нэрлэдэг. Коронавируст халдвар гарснаас хойш  ДЭМБ, дэлхийн улс орнууд дунджаар 5-6  хоногийн нууц үедээ өвчин илрээд байна гэж үзсэн. Тэгвэл Монгол Улсын 29 тохиолдолд нууц үеийн хугацааг судалж үзлээ. Энэхүү судалгаагаар халдвартай хүнтэй өртсөн буюу хавьтал болсноос хойш 3-13 хоногт халдварын шинж тэмдэг буюу шинжилгээгээр вирус илэрсэн. Тэгэхээр эдгээр 29 хүний байдлаас үзэхэд, дунджаар 5-7 хоногт халдварын нууц үеийн хугацаа илэрч байна гэж ойлгох хэрэгтэй. Халдварын нууц үе, вирус илрэх хугацаа тухайн хүний эрүүл мэндийн байдал, дархлаа, өвчтөнтэй хэр ойрхон хавьтал болсон гэдгээс хамаарна” гэв.


Манай улсад коронавирусээр 2-90  насныхан халдварлажээ. Дундаж нас 32.8 бөгөөд үүнээс 19 хүртэлх насны 29 хувь, 20-59 насны 62 хувь, 60-аас  дээш насны 10 хувь нь халдварт өртсөн байна. Хүйсийн хувьд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж.


Нийт бүртгэгдсэн тохиолдлын 32 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрчээ. Хамар битүүрэх, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг өвчтөнд илэрсэн байна.

Холбоотой мэдээ