Замын-Үүд-Эрээн өртөөгөөр галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-28 16:36:25
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд-Эрээн өртөөнд галт тэрэг солилцоо өчигдрөөс жигдэрч, ОХУ-ын Улаан-Үдийн Тальцы өртөө электрон ломбогүй авто тээврээр ирсэн зарим ачааг төмөр зам руу шилжүүлэн ачиж эхэлсэн тухай "Улаанбаатар төмөр зам" ХНН-т ажиллаж буй Шуурхай ажлын багийн өнөөдрийн цахим хуралдааны үеэр онцоллоо.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-т COVID-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан УОК-ын даргын шийдвэрээр тус байгууллагад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, тархалтыг зогсоох, бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий дээрх Шуурхай ажлын багийг байгуулсан юм.  

Хуралдааны үеэр “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр танилцуулахдаа, “Өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга 956 хүнээс 15 мянга 875 нь хамрагдаад байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 81 хүнийг хамруулж амжаагүй. Шуурхай бүлгийн есөн удаагийн хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн 101 үүрэг, даалгавраас 90-ийг нь 100 хувь биелүүлсэн, 11-ийг нь 70 хувь биелүүлсэн байна.  Өчигдөр Эрдэнэт зангилааны 58 ажлын байрны 2677 м2  талбайд болон Замын-Үүд өртөөнд очсон зургаан вагонд ариутгал хийсэн” гэв.

Шуурхай багийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Замын-Үүд-Эрээн өртөөнд галт тэрэг солилцоо жигдэрсэн, ОХУ-ын Улаан-Үдийн Тальцы өртөөнд авто тээврээр ирсэн зарим ачааг төмөр зам руу шилжүүлэн ачиж эхэлснийг сайшааж, УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарахыг үүрэг болголоо.

-Дархан, Сүхбаатар, Чойр зангилаадад халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдэж байгаатай холбогдуулан Замын захиргаа гол анхаарлаа хандуулах,

-Дархан зангилааны байгууллагын шуурхай удирдлагууд болон хөдөлгөөнтэй холбоотой ажилчдыг орлох хүний нөөцийг бүрдүүлэх,

-Шаргын-Овоо зөрлөг, Бор-Өндөр өртөөнөөс нийт 62 хүнийг Улаанбаатарт авчрах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоор шийдвэрлүүлсэн, шаардлагатай бол УОК-т дахин хандаж, шинжилгээ авах, тээвэрлэх цуваа бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллах,

-Өртөө, зөрлөгүүдэд өртөөний жижүүр болон машинч нарыг шуурхай томилон ажиллуулахдаа тухайн өртөөний Техник захирамжийн актыг сайтар судлуулах, ХАБЭА-н болон технологийн зааварчилгаа нэмж өгч байх,

-Гэртээ тусгаарлагдсан ажилчдыг давтан шинжилгээнд оруулах, тусгаарлалтаас гаргах асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай зөвшилцөж шийдвэр гаргах,

-Зүүнбаянд төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байгаад томилолт дууссан Улаанбаатар төмөр замын Зам засварын машинч станцын 16 ажилтныг буцаах зөвшөөрлийн албан бичгийг яаралтай гаргаж өгөх,

-Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байгаа төмөр замчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, үзлэгт хамруулах, шаардлагатай бол Сайншандын болон төмөр замын төв эмнэлгээс тусламж авах,

-Айраг өртөөний худгийн усны насосыг, яаралтай ажилд оруулах зэрэг үүрэг чиглэл өглөө.
                                                                                                                                                           Гэрэл зургийг Б.Тэмүүлэн
Холбоотой мэдээ