Камбожид дотооддоо халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-30 15:22:10

БЭЭЖИН. /Синьхуа/. Камбожид коронавирусний дотооддоо халдварласан анхны тохиолдлууд бүртгэгдсэн тухай тус улсын Ерөнхий сайд Хун Сен мэдэгджээ.


“Дотоодод халдварласан тохиолдлууд Камбожийн нийслэл Пномпене хотод болон баруун хойд Сиемреап мужид бүртгэгдлээ. Эдгээр бүс нутагт өнгөрсөн хоногт 2248 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад, халдварын нийт 14 тохиолдол бүртгэгдэв. Халдвар авсан 14 хүнтэй ойрын хавьталд байсан хүмүүсийг 14 хоног гэрт нь эсвэл тусгаарлалтын төвүүдэд тусгаарлана” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Анхны тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан Хун Сен орон нутгийн эрх баригчдад коронавирусний тархалттай тэмцэхэд чиглэсэн шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ. "Коронавирусний тархалтыг цаг тухайд нь тогтоон барихгүй бол манай улсад гамшиг тохионо" хэмээн тэрбээр мөн онцлон тэмдэглэв. 


Ням гарагт тус улсад дунд сургуулиудыг хааж, нийслэл Пномпене хотын томоохон худалдааны төвүүд, зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоосон байна. Камбожид 1 дүгээр сарын 27-нд анх Ухань хотоос ирсэн БНХАУ-ын иргэнээс халдвар илэрчээ. Өнгөрсөн хугацаанд тус улсад зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд нийт 323 тохиолдол илэрсэн байна. Үүнээс нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 301 хүн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ