"Хамтдаа инээмсэглэе” аян 335 өрхийн 1718 иргэнд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-02 11:46:48

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын ИТХ, ЗДТГ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "Цэцэрлэг хот”-д "Хамтдаа инээмсэглэе" аяныг өрнүүлж дуусгалаа. Энэ аянд Эрдэнэбулган сумын 1-7-р багийн хүчирхийлэлд өртсөн болон хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд, иргэн, өрх толгойлсон эх/эцэг/, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн хүнд нөхцөлд байгаа айл өрхүүдэд хүнсний болон ахуйн ариун цэврийн хэрэгслийн тусламж дэмжлэг үзүүллээ. Мөн шаардлагатай эрсдэлт бүлэг болох Онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагч нарт аян хүрч ажилласан байна.

Аяны 7 хоногийн хугацаанд тусламжийн зүйлсээ цуглуулж, 5 хоногт, 3 удаагийн түгээлтээр 335 өрхийн 1718 иргэнд хүрчээ.

Хүнсний багцууд тухайн бэлтгэж ирсэн байгууллагуудын үнийн дүнгээс хамааран янз бүр байсан ба дунджаар 35000 төгрөгийн, нийт 10 гаруй сая төгрөгийн тусламж дэмжлэгийн зүйлс цугларч, айл өрхүүдэд хүргэсэн байна.

"Хамтдаа инээмсэглэе" аянд төрийн 23 байгууллага, худалдаа үйлчилгээний 40 гаруй байгууллага, дэлгүүрүүд, 16 иргэн нэгджээ.


Холбоотой мэдээ