Найман цэгт хяналтын баг томилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-02 12:16:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чөлөөлөх тухай, Татварын алданги чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв.


Хуулийн төсөлд тусгаснаар, 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ, баримтаар нотлогдсон бол бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ногдуулах татварын хөнгөлөлт үзүүлэх юм. Мөн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуй нэгжийн татварын ачаалал буурч, эдийн засаг идэвхжинэ гэж тооцоолж байна.


Мөн хуралдаанаар, халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд Засгийн газрын нөөц сангаас гурван тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэв. Халдвар гарсан аймаг, нийслэлд тусгаарлах ажил, тархвар тандан судалгаанд төлөвлөөгүй олон зардал гарчээ. 


Коронавирусний дотоодод гарсан халдварын нөхцөл байдалд мониторинг судалгаа хийж эрсдэлтэй найман цэгт нэг сарын хугацаатай хөндлөнгийн хяналтын баг ажиллуулахаар болов. Тодруулбал, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт халдвартай иргэдтэй харьцаж бйагаа эмч, сувилагчийн халдвар хамгаалал, эм эмнэлгийн хог хаягдлын устгалтай холбоотой асуудлаар хяналт хийх юм. Мөн тусгаарлах байруудад судалгаа хийж цаашид стандартын дагуу халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд ажиллуулж цэгцлэх үүрэг гүйцэтгэнэ. Шаардлага хангасан тусгаарлах байруудыг бэлдсэнээр 12 дугаар сарын 10-наас хойш тусгай нислэг явуулахаар төлөвлөж байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдээлэлдээ дурдав. 


Алтанбулаг, Эрээнцав, Цагааннуур, Шивээхүрэн, Гашуунсухайт, Замын-Үүд зэрэг хилийн боомтуудад хяналтын баг томилох юм байна. Ялангуяа экспорт, импортын голлох хөдөлгөөн явж буй Замын-Үүдийн боомтод эрүүл бүс байгуулж, тухайн хэсэгт хөдөлгөөн хязгаарлаж дотоодын цэргийн хүчитгэсэн хамгаалалт авч ажиллахаар төлөвлөж буйг дурдлаа. Мөн нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах тоног төхөөрөмж суурилуулж байгааг тодотгов. 


Түүнчлэн Орхон аймагт халдвар гарсантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож 6600 ажилчныг шинжилгээнд хамруулж хяналтын баг томилохоор болжээ.


Холбоотой мэдээ