Төв аймгийн хэмжээнд энэ сарын 31-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-02 17:45:10

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/593 захирамж гарлаа.

Тухайлбал гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагт дуусгавар болсонтой холбогдуулан тус хугацаанаас эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалахгүй. Мөн нийтийн хоол, цайны газар, баар караоке, цахим тоглоомын газраас бусад үйлчилгээг өглөө 8:00 -19:00 цаг хүртэл халдвар хамгааллын нарийн дэглэм баримтлан явуулахыг зөвшөөрсөн байна. Үүнд гоо сайхан, гар утасны худалдаа, сэлбэг хэрэгсэл, ахуйн бараа, үсчин, бөөний төв, хүнс худалдаа, үйлдвэрлэл зэрэг багтаж байна. Мөн өглөө 9:00-19:00 цаг хүртэл такси үйлчилгээг зөвхөн Зуунмод хот дотор явуулахаар болсон бөгөөд нэг таксинд 3-аас илүү хүн суулгахгүй байх, ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийхийг анхаарууллаа. Харин банк болон банк бус санхүүгийн байгууллага өглөө 9:00-17:00 цаг хүртэл ажиллах юм байна.

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт өдөр тутмын хяналтыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Мөн аймгийн хэмжээнд халдварын голомттой бүс нутгаас ирэх иргэдийг 14 хоногийн хугацаанд бүртгэлжүүлж тусгаарлаж хөдөлгөөнт болон байнгын ажиллагаатай хяналтын цэгүүдэд ажиллах албан хаагчдын тоог нэмэгдүүлнэ.

Харин халдварын голомтын бүс болох Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь аймгаас ирж байгаа иргэдийг зөвхөн РСR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх бол халдварын тохиолдол бүртгэгдээгүй эрүүл бүс нутгаас болон сум хооронд зорчих иргэдийн биеийн халуун үзэж, тусгайлсан асуумж авсны үндсэн дээр орох, гарах хөдөлгөөнийг зохион байгуулахыг тус тус үүрэг болгожээ.

 

 

 

Холбоотой мэдээ