Маргааш Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-02 16:15:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НҮБ-аас санаачлан  1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон улсын "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай.


Монголын үндэсний паралимпын хорооноос Монголын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднээс спорт сонирхогч мянга мянган хүмүүст хандан энэ өдрийн баярын мэндчилгээг дэвшүүлж байна.


Ирэх 2021 онд зохион байгуулах “Токио-2020” паралимпын наадам болоход 264 хоног үлдэж байгаа ч манай тамирчид спортын 4 төрөлд 5 эрх авсан. Цаашдаа 5-6 эрх авч оролцон, паралимпын алтан медалиар ард түмэндээ бэлэг барих зорилготой байна гэж МҮПХ-ноос мэдээллээ.


Ташрамд дуулгахад, "Токио 2020" олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” хэмээн нэрлэжээ.



“Мираитова” гэдэг нь “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд гэсэн утгатай япон үгнүүд бөгөөд нийлээд “Гайхалтай ирээдүй үүрд мөнх оршино” гэсэн утга агуулгатай болж байгаа ажээ.


Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу “Сакура цэцгийн мод” гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь “Маш хүчирхэг” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэхүү нэр нь Паралимпын агуу байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Японы ард иргэд сакура цэцгээрээ бахархдаг байдлыг илтгэж байгаа юм.


Өнөөдөр Монгол Улсад 2018 оны албан ёсны статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй 105730 иргэн /нийт хүн амын 3.4 хувь/ байгаагийн 59691 нь эрэгтэйчүүд, 46039 нь эмэгтэйчүүд байна. Монгол Улс энэ иргэдийнхээ эрхийг хангаж, биеийн тамир спортоор хичээллүүлж дэлхийн улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн адил спортын амжилт үзүүлж, эрүүл чийрэг, урам зориг дүүрэн амьдруулах үүрэгтэй. Тиймээс ч Монголд пара спортын олон төрлийг амжилттай хөгжүүлж олон улс, тив, дэлхий, паралимпын дэвжээнд манай тамирчид амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлсээр байгаа билээ. Тэдний энэ амжилт, ялалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст их урам зориг, эрч хүч өгч, түгэн дэлгэрсээр байна.



Монголын пара спортын түүхийг сөхвөл, Монголын пара спортын шигшээ багаас жүдогоор Б.Ууганбаяр, пауэрлифтингээр Э.Содномпилжээ нар паралимпын хүрэл медалийг эх орондоо авчирсан. Мөн “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав болон Б.Оюун-Эрдэнэ нар байт харвааны холимог хосын төрөлд анх удаа IV байрт шалгарсан нь яах аргагүй түүхэн амжилт байв. Мөн пара бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл V байрт шалгарч, Азийн тивийн дээд амжилтыг шинэчилсэн юм.


"Токио-2020" паралимпын эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар хүртсэн билээ. Мөн паралимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, пауэрлифтингийн дэлхийн хошой аварга Э.Содномпилжээ, пара буудлагын ОУХМ З.Ганбаатар, пара байт харвааны төрөлд ОУХМ Н.Мөнхбаатар нар тус тус "Токио-2020" паралимпын эрхээ өвөртлөөд байгаа юм. Улмаар пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг төрөлд нэмж эрх авах боломжтой юм.

Холбоотой мэдээ