Энхсаран сувилал орчны 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-03 12:27:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, ХӨСҮТ-ийн багтай хамтарч өчигдөр шөнө ХУД-ийн Энхсаран сувилал орчны 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авчээ


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ийнхүү мэдээллээ.


 -Өчигдөр ШЕЗ-ийн нэг хүнд халдвар илэрч, тэнд ажиллаж байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулж тусгаарлахдаа ялгавартай хандсан нь ямар учиртай вэ, мөн 119 лавлах ажиллахгүй байна гэж иргэд гомдоллож байна. Үүнд хариулт өгнө үү?


-ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусний халдвар авсан нь 11 дүгээр сарын 28-нд батлагдсан. Бид тандалт явуулсны үр дүнд ойр харилцсан хүмүүсийг нь олж тогтоосон. Ойрын хавьтал гэдгийг тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор, максгүй, 1,5 метрээс дотогш зайнд харьцсан хүмүүсийг хэлдэг. Тиймээс ШЕЗ-ийн 2 дугаар давхрын хүмүүсээс шинжилгээ /50 гаруй хүн/ авсан. Улмаар тун ойрын хүмүүсийг нь тусгаарласан. Хоёрдогч хавьтлын хүмүүсийг гэрийн ажиглалтад авсан. Урьдчилсан байдлаар 37 хүнээс нь коронавирус илрээгүй байна. Тэнд манай 2 баг очиж, журмын дагуу ажилласан. Тандалт судалгаа үргэлжилж байна.

Энд онцлон хэлэхэд, хавьтлын үзүүлэлтээр тусгаарлалт хийдэг, харин ажил, албан тушаалаар нь ялгаварладаггүй гэдгийг иргэд ойлгох ёстой. ХӨСҮТ-ийн 119.мн өчигдрөөс ажиллаж эхэлсэн.


-ХУД-ийн 12 хорооны Биокомбинатад халдварын сэжигтэй тохиолдол гарсан уу?


-ХУД дэх "Энхсаран" сувиллын орчинд бид өчигдөр шөнө тусгай ажиллагаа явуулсан. Энэ сувиллын орчинд байгаа хүмүүс, тэнд барилгын ажил хийж байсан хүмүүсийг тандалтад авсан. Энэ орчны газрыг бид дроноор зураг, бичлэг хийж тандахад нэг усан сантай, нэг дэлгүүрээр үйлчлүүлдэг, найз нөхдийн хүрээнд хоорондоо уулздаг, орж гарах зэргээр ойр холбоо харилцаатай нь тогтоогдсон. Ингээд УОК, НОК-ын Шуурхай штабтай хамтарч урд шөнө 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Яг тэнд амьдардаг өрх айл, хүмүүсийг тусгаарлалтад аваад байгаа.

Холбоотой мэдээ