Эрүүл ахуйчдад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-05-30 15:22:27

Монгол УИХ-ын даргын ивээл дор Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний III зөвлөлгөөн өнөөдөр “Эрүүл аюулгүй орчин”  сэдвийн хүрээнд эхэллээ.

Зөвлөлгөөнийг нээж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хэлэхдээ, “Эрүүл ахуйн тухай хуульд олон шинэлэг асуудал тусгасан. Тухайлбал, хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг  дахин төлөвлөхөд  эрүүл ахуйн болон барилгын стандарт норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, төвлөрсөн бус ариун цэврийн  байгууламжийг стандартын дагуу барьж ашиглах, хүн амын ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хуульчлах, Эрүүл ахуйн удирдлагын  болон тандалт  судалгаа хийх тогтолцоог бүрдүүлсэн. Одоо бид  хуулиа иргэдэд  төдийгүй бодлого  боловсруулагч, шийдвэр гаргагчдад сурталчилж, хуулийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлагатай ажил үлдлээ” гэдгийг онцлоод хуулийн хэрэгжилтийг хангахад манлайлагч, хөдөлгөгч хүч нь болж ажиллахыг зөвлөлгөөнд оролцогч, эрүүл ахуйч, тархвар судлаачдад хандан уриаллаа.

Зөвлөлгөөнд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо бүрдсэний 60 жилийн ойн хүрээнд эрүүл ахуй, тархвар судлалын чиглэлээр аймаг, нийслэлийн түвшинд ажиллаж байгаа эрдэмтэн, зөвлөх, эрүүл ахуйч, тархвар судлаач, улсын байцаагч, багш, эрдэм шинжилгээний ажилтан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, үе үеийн ахмадууд зэрэг нийт  350 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх зөвлөлгөөнөөс зөвлөмж гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх аж.  

Ж.Болор

Холбоотой мэдээ