Ж.Байден олны нүдэн дээр вакцин хийлгэхэд бэлэн буйгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-04 10:14:14

НЬЮ-ЙОРК. /CNN/. Олны нүдэн дээр вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден “CNN” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.


Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх ёслол болохоос өмнө вакцин хийлгэх боломжтой эсэхийг түүнээс асуухад, үүнийг хийлгэхдээ би баяртай байх болно гэж Ж.Байден хариулжээ. АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи вакциныг аюулгүй гэж үзвэл ийм үйлдэл хийнэ гэдгээ тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Иргэд вакцины үр дүнд итгэх итгэлээ алдаж буйд нь сэтгэл зовниж буйгаа Ж.Байден илэрхийлжээ.


"Өмнөх төрийн тэргүүнүүд мөн олны өмнө коронавирусний вакцин хийлгэхэд бэлэн буйгаа мэдэгдэж, бусдад үлгэр жишээ болсон. Вакцин аюулгүй гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал" хэмээн Ж.Байден онцлон тэмдэглэжээ.


Буш, Клинтон, Обама нар олны өмнө вакцин хийлгэнэ


АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар олны нүдэн дээр вакцин хийлгэхэд бэлэн буйгаа өмнө нь илэрхийлжээ.


Энэ тухай “CNN телевиз мэдээлэхдээ, иргэдийн вакцины аюулгүй, үр дүнтэй байдалтай холбоотой эргэлзээг арилгаж, итгэлийг нь нэмэгдүүлэх мэдээллийн кампанит ажил нийгэмд дохио өгнө гэж АНУ-ын өмнөх төрийн тэргүүнүүд найдаж байна гэжээ.


Америкийн эрдэмтдэд итгэдэг гэдгээ ойлгуулахын тулд олны нүдэн дээр вакцин хийлгэж буйгаа харуулахад бэлэн гэдгээ Барак Обама өмнө нь мэдэгджээ. 


Харин бага Жорж Буш иргэдэд вакцин хийлгэхийг уриалахад бэлэн байгаагаа Цагаан ордны коронавирусний тархалттай тэмцэх асуудал хариуцсан зохицуулагч  Дебора Биркст мэдэгдсэн байна.


Өдгөө 74 настай Билл Клинтон мөн ийм бодолтой байгаагаа мэдэгдэж, иргэд энэ жишгийг дагана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. 


Холбоотой мэдээ