Сонгуулийн хорооны шийдвэрийг хууль бус гэж суулт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-30 19:24:38

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо аймгийн ЗДТГ-т байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хороо Орон нутгийн сонгуульд нам, нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн. Тус Сонгуулийн хороонд нэр дэвшигчийнхээ материалыг өгсөн нэр дэвшигчдийг хууль бусаар бүртгэхээс татгазсан гэж үзсэн сонгогчдын төлөөллүүд Сонгуулийн хороонд тодорхой асуудлаар шаардлага тавьж суулт хийж байна.

Уг суултыг зохион байгуулж байгаа “Монголоо аврах хөдөлгөөн”-ний Дархан-Уул аймаг дахь зохицуулагч н.Хурцбилигээс суулт хийж байгаа зорилгыг нь тодруулсан юм.

-Энэ 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль бол маш онцгой сонгууль. Дархан-Уул аймгаас нэр дэвшсэн маш олон нэр дэвшигчдийг тухайлбал бие даагчид МАН-ын болон бусад намын нэр дэвшигчдийг аймгийн сонгуулийн хороо хууль бус шийдвэрээр үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан. Тухайлбал эдгээрээс нэр бүхий нэр дэвшигчдийг өнгөрсөн онд ажиллаж байсан байгууллагад нь Аудитын шалгалтаар акт тавигдаж байсан гэсэн дүгнэлт гаргаж өгсөнийг ашигласан зэрэг нь хууль бус гэж үзэж байгаа. Энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцэж манай “Дарханаа аваръя” хөдөлгөөнийхэн суулт хийж байна. Бид анх энэ сарын 26-нд эхэлж мөн 27-нд бас суулт хийж шаардлага хүргүүлсэн бол өнөөдөр 30-ны өдөр хариу авах сүүлийн өдөр шаардлагынхаа хариуг авахаар зогсож байна.

Аймгийн Сонгуулийн хороо нь есөн хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Тэгээд 26-27-ны өдрүүдэд тус Сонгуулийн хороо нь нэг хоёрхон хүнтэйгээр үйл ажиллагаа явуулсан. Тэдний өгч байгаа хариу нь юу вэ? гэвэл Сонгуулийн Хорооны маань бүрэлдэхүүн хүрэхгүй, шийдвэр гаргах хүмүүс маань алга байна гэсэн хариу өгсөн. Тэгээд бид 27-ны өдөр Сонгуулийн Хорооны дарга Г.Соёлмаа гэдэг хүнийг хайсан. Тэр хүн нь өөрөө аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажилладаг юм билээ. Бид аймгийн Хөдөлмөрийн хэлтэст очтол өөрийнхөө өрөөнд ажлаа явуулж байсан. Гэтэл хуулиндаа Сонгуулийн хорооны дарга бол цалинтай чөлөө аваад сонгуулийнхаа ажлыг хорооныхоо байранд хийж байх ёстой боловч өөрийнхөө ажлын өрөөнд очиж суучихаад төрийн ажлыг явуулалгүйгээр бидний тавьсан шаардлагыг санаатайгаар гацаанд оруулсан байдалтай байгаа учраас л эсэргүүцсэн. Хэрвээ бидний тавьсан шаардлагыг тус хороо биелүүлэхгүй бол 17 цаг хүртэл хүлээгээд цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлана. Суултад гурав хоногийн байдлаар 200-250 хүний хэлбэлзэлтэйгээр оролцож байна. Энэ хугацаанд иргэд сонгогчдоос маш олон гомдол, санал тавьж ирж байгаа. Мөн Шарын гол сумаас ч төлөөллүүд ирж оролцож байгаа бол Дархан сумын 15 дугаар багаас, аймгийн МАН-аас, мөн бие даагчдыг дэмжигчид тойрог тойргоос нь ирж оролцож байна” гэв.

Бид мэдээллийг тэнцэртэй бэлтгэхийн тулд аймгийн Сонгуулийн хороогоор орж тус хорооны дарга, гишүүд нь бүрэн бүрэлдэхүүнтэйгээ байхад уулзаж мэдээлэл авах гэсэн боловч бид дотоод ажилтай тул үдээс хойш 14 цагт ир гэсэн юм. Үдээс хойш 14 цагт очиход Сонгуулийн хорооны дарга нь ирээгүй байсан тул тус хорооны нарийн бичгийн дарга Ч.Энхбаттай ярилцлаа:

-Сонгуулийн хороо байрлаж байгаа аймгийн ЗДТГ-ын үүдэнд “Монголоо аваръя” хөдөлгөөнөөс тавьсан шаардлагын хариуг авахаар суулт хийж байгаа юм байна. Суулт хийж байгааг юу гэж үзэж байна. Сонгуулийн хорооны ямар байр суурьтай байна вэ?-“Эдгээр суулт хийж байгаа иргэд бол МАН-аас зургаан нэр дэвшигч болон бие дааж нэр дэвшсэн дөрвөн хүнийг дэмжигчид нь хууль бусаар нэрийг нь татлаа гэдэг үндэслэлээр манай хороонд шаардлага ирүүлсэн. Энэ асуудлыг манайх олонхийн саналаар хорооны шийдвэр гаргахаар ажиллаж байна.

-Танай хороо өөрийн гаргасан шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байгаа юм уу? Суулт зарласан хүмүүс үндэслэлгүй гэж үзээд суулт хийж байгаа биш үү?

-Манай Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээрээс энэ гаргаж байгаа шийдвэр хуулийн үндэслэлтэй, үндэслэлгүй гэж үзсэн гишүүд байсан гэвч эцсийн шийдвэрийг олонхийн саналаар нэр бүхий нэр дэвшигчдийг хасах шийдвэр гаргасан, миний бие үндэслэлгүй юмаа гэдэг байр сууринаас л хандсан.

-Сонгуулийн тухай хуулийн Орон нутгийн сонгуулийн хэсгийн 41.3-д “Аудит нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж зардлын дээд хэмжээг тогтооно” гэж заасан байхад хуульд байхгүй үндэслэлийг танай сонгуулийн хороо яагаад авч хэрэглэсэн юм бэ?

-Сонгуулийн хороонд ирсэн материалд нэр бүхий бие даагчдын хувьд Аудитын дүгнэлтээр үзвэл зөрчилтэй байсан. Заримыг нь огт нийцээгүй гэсэн дүгнэлтийг Аудитын байгууллагаас ирүүлсэн. Манай хороо үүнийг хэлэлцээд олонхийн саналаар нэгэнт Аудит хүлээн зөвшөөрөөгүй байна гэж үзээд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан.

-Нэр дэвшигчийг өмнө нь ажиллаж байсан байгууллагад Аудит акт тавьсан ч тэр хүн ажлаасаа гарч өөр хүн ажлыг нь үргэлжлүүлж байгаа нөхцөлд ажлыг нь авсан хүн тухайн байгууллагын бүх ажлыг хариуцах байтал танай хороо Сонгуулийн хуульд заагаагүй үндэслэлээр яагаад бүртгэхээс татгалзсан бэ?

-Аудит тэдний мөрийн хөтөлбөрийг хянасны нь дагуу л бид шийдвэрлэсэн байгаа. Харин яагаад ийм шийдвэр гаргасан бэ? гэдгийг Аудитын байгууллага хариулах байх.

-Шаардлага тавьсан иргэдэд ямар хариу өгсөн бэ? Сая танай хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан гэж байна?

-Манай Сонгуулийн хороо хуралдаад тэдгээр хүмүүс шүүхэд хандсан гэсэн болохоор шүүхийн шийдвэр гарах хүртэл өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй гэж олонхийн саналаар шийдсэн” гэв.

Суулт үргэлжилж байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ