Их Британид эхний хүн “Pfizer”-ийн вакциныг хийлгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-08 17:13:16

ЛОНДОН. /BBC/. Их Британийн 90 настай иргэн орон даяар явуулж буй “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдсан эхний хүн боллоо.


“Төрсөн өдрөөрөө урьдчилж авсан хамгийн сайхан бэлэг энэ боллоо” гэж ирэх долоо хоногт 91 насыг зооглох Маргарет Кинан хэлжээ. Ийнхүү тэрбээр “Pfizer-BionTech” компанийн 800 мянган тун вакцины эхнийхийг тариулжээ.


Их Британид эхний ээлжинд 80-аас дээш насны иргэд, эмнэлэг, асрамжийн газрын ажилтнуудыг дархлаажуулах юм. Тус улсад энэ сарын эцэс гэхэд дөрвөн сая хүртэлх тун вакциныг нийлүүлэх төлөвтэй байна.


“Би “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн эхний хүн болсноороо бахархаж байна. Миний хувьд гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт шинэ жилийг өнгөрүүлэх боломжтой болсондоо маш их баяртай байна” гэж М.Кинан ярьжээ.


Их Британи нь “Pfizer”-ийн вакциныг хэрэглэж эхэлсэн анхны улс болж буй нь энэ юм. Тус улсын эрх баригчид уг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт олгосон билээ.


Энэхүү вакциныг заавал бус сайн дурын үндсэн дээр хийлгэх юм.

Холбоотой мэдээ