Цахимаар албан бичиг солилцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын эрсдэлийг бууруулахаар нийслэлийн 935 байгууллага хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагатай цахимаар албан бичиг солилцохоор боллоо.
Өнгөрсөн 5 дугаар сараас хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагаас нийслэлийн бүх шатны байгууллагад хандсан албан бичгээ https://smartoffice.mn/ сайтад цахимаар илгээж, хариу авах болсон.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газраас хамтран цахим албан бичиг солилцох хялбаршуулсан бүртгэлийн “Түр бүртгэл (Ковид-19)” цэсийг дээрх системд энэ сарын 10-наас нээж байна.
“Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээ ашиглан тоон гарын үсгээ авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагад систем ашиглах түр хугацааны эрх олгож, төрийн байгууллага, системийн хэрэглэгч нийт байгууллагад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах юм.
Түр бүртгэл нь 12 дугаар сарын 10-наас ирэх оны 2 дугаар сарын 1 хүртэл нээлттэй байх юм. Энэ хугацаанд түр эрх бүхий байгууллага нь тоон гарын үсэг авч https://smartoffice.mn систем ашиглах эрхээ баталгаажуулах шаардлагатай.
Иймд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагад коронавирусний халдварт цар тахлаас урьдчилан сэргийлж, биечилсэн харилцаанаас татгалзаж, цахим систем ашиглан хялбар, шуурхай аргаар албан бичгээ илгээж хэвшихийг НОК уриаллаа.
Ингэснээр эрсдэлээс өөрийгөө хамгаалж, цаг хугацаа, зардал хэмнэж, төрийн байгууллагад илгээсэн албан бичгийн шийдвэрийн явцыг хянах зэрэг давуу талтай юм.
Системийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны 935 байгууллагад албан бичиг илгээх боломжтой. Үүнд:
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд (34 агентлаг)
Нийслэлийн өмчит төсөвт байгууллагууд
Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд
Төслийн нэгжүүд
9 дүүргийн Засаг даргын Тамгын газрууд
9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүд
Нийслэлийн 171 хороод
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд
Нийслэлийн өмчийн цэцэрлэгүүд багтаж байна.