Замын-Үүдэд хоногт 100 гаруй хүнд PCR шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-10 17:37:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын байдлаар Дорноговь аймагт коронавирусний халдварын нийт 31 тохиолдол бүртгэгдсэнээс 26 нь хилийн боомт хот Замын-Үүдэд илрээд байгаа юм.

Замын-Үүдэд молекул биологийн лаборатори байгуулснаар хоногт 100 гаруй хүнд PCR шинжилгээ хийж байгаа аж. ХХЕГ-ын дэд дарга, хошуу генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг болон ХӨСҮТ-ийн тархвар судлаач, аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч, лаборант зэрэг эмч мэргэжилтнүүд хорио цээрийн дэглэмтэй Замын-Үүд суманд ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга О.Батжаргал Замын-Үүд суманд ажиллаж коронавирусний цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулж буй байдалтай газар дээр нь танилцан, сумын Онцгой комисст Улсын онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хөл хориог дуусахаас өмнө ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тогтоож, халдварын тархалтыг нэн даруй хяналтад авахыг үүрэг болгов. Одоогоор тус суманд тогтоосон хатуу хөл хорио буюу тэг зогсолт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ