Сэлэнгэ аймагт таван хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-14 11:00:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 13-нд нийт 8574 хүнд PCR шинжилгээ хийжээ.

 

Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирусний халдвар илрээд байна. Эдгээр тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ.

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн таван тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүсийн 2-3 дахь давтан шинжилгээ буюу гэр бүлийн хүмүүсийн шинжилгээнээс илэрсэн. Ингэснээр тус аймагт коронавируст халдварын 213 тохиолдол бүртгэгдээд байна” хэмээв.

 

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт коронавируст халдвар шинээр бүртгэгдээгүй байна.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол  912 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрчээ.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас 519 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд, 5 нь хүнд, 75 нь хүндэвтэр, 438 нь хөнгөн байгаа аж.

 

Холбоотой мэдээ