Б.Сумъяа: Өвчнөө даамжруулж байгаа шалтгаануудын нэг бол өрхийн орлогогүй, санхүүгийн чадавхгүй байгаатай холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-14 15:20:23

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 11-р багт орших “Бат-Үржихүй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Батбуянгийн Сумъяатай цөөн хором ярилцлаа. 


-Коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр танай өрхийн эрүүл мэндийн төв ямар ажлууд хийж байна вэ?

-Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу манай эмнэлэг "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэл, сургалт сурталчилгааг бэлтгэн өрхийн эмнэлгийнхээ харьяа багийн ард иргэдэд хүртээмжтэй хүргэж байгаа. Мөн эмч, сувилагч нарын дархлааг дэмжих, халдвараас хамгаалах хувцас хэрэглэлээр хангах чиглэлд анхаарч ажиллан 2,3 сая төгрөгийн хөрөнгийг энэхүү арга хэмжээнд зарцуулсан. Тэрчлэн бүх ажилчдадаа урамшуулал олгосноос гадна оюутан хүүхэдтэй гурван ажилтандаа оюутны сургалтын төлбөрт нь дэмжлэг болгож 1 сая төгрөг тус бүр олгосон. Үүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг хангах үүднээс нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэглэл, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэгт 14,5 сая төгрөг зарцууллаа.

Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад орсон харьяа багийн иргэдээ хариуцан ажиллаж байна. Хотоос ирэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөх хандлагатай байгаа. Бид голчлон утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа ба шаардлагатай үед гэрээр нь очиж үзэх юм. Мөн коронавирусний сорьцын шинжилгээг 14 дэх хоног дээр нь гэрт очиж авна. Иймээс ард иргэд маань аль болох гэртээ байж, дархлаагаа дэмжин, гараа угааж, амны хаалтаа тогтмол зүүж, эмнэлгийн халдвартай орчинд ирэхээс зайлсхийх шаардлагатай байна.

-Эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжид олон жил ажилласан хүний хувьд цаашдаа хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд төр засгаас ямар ажлыг түлхүү хийгээсэй гэж хүсч байна?

-Манай аймгийн хувьд эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай олон асуудал бий. Тэдгээрийн нэг нь зүрх судасны болон хавдрын өвчлөл, хавдраар нас баралтыг бууруулах явдал юм. Увс аймгийн хэмжээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 748 хүн хавдраар өвчилж, 610 хүн хавдраар нас барсан статистик тоо баримт байдаг. 2020 он гарснаас хойш зөвхөн 11 дүгээр багийн хэмжээнд гэхэд л 9 хүн хавдрын улмаас нас барсан ба жил бүр 10-15 хүн хавдраар өвчилж, хяналтад орж байна. Эдгээр тоон баримтууд нь уг асуудалд нэн яаралтай анхаарал хандуулах шаардлагатай байгааг илтгэж байна. 

Тэрчлэн иргэдийн зүрх судас, хавдраар өвчлөөд байгаагийн гол шалтгаануудын нэг бол өвчин туссан тохиолдолд өвчнөө эдгээх бүрэн эмчилгээ хийлгэж амжилгүй, даамжруулан архаг хууч өвчин болгох, архаг хууч өвчин нь даамжирч хавдар, бүр цаашлаад хорт хавдар болж байна. Ингэж өвчнөө бүрэн эмчилж чадалгүй даамжруулж байгаа шалтгаануудын нэг бол өрхийн орлогогүй, санхүүгийн чадавхгүй байгаатай холбоотой. Энэ асуудалд мөн л аймаг орон нутаг, төр засгийн зүгээс нэн яаралтай анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа.

Миний хувьд сүүлийн 20 гаруй жил эмчийн ажлаа хийхийн хажуугаар Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэж байна. Эмч хүн өөрийгөө дайчлан мэргэжил ур чадвараа дээшлүүлэн сурч боловсрох, сайн ажиллаж амжилт гаргах, ар гэр, үр хүүхдүүддээ ч анхаарал хандуулж болдог гэдгийг залуу эмч нар болон өөрийн охиддоо үлгэрлэж харуулахыг хүсэж, хичээнгүйлэн ажилласаар өдийг хүрсэн. 

-“Бат-Үржихүй” өрхийн эрүүл мэндийн төв нь манай аймгийн шилдэг байгууллагуудын нэг. Тэгэхээр хамт олныхоо амжилт бүтээлээс хуваалцахгүй юу? 

-Бид “Өрхийн эрүүл мэндийн төвийг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх” алсын хараатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Үндсэндээ манай эмнэлгийн эрхэм зорилго бол “Өрхийн гишүүн бүрийн оролцоо, өрх бүрийн эрүүл мэндийг хамгаалах” явдал юм. Манай хамт олон зангидсан гар шиг нэг баг болж чадсан. 

Бид Улаангом сумын 2290 өрхийн 9931 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, сэтгэл ханамжтайгаар үзүүлдэг. Уг нь 2000 оноос эхлэн өрхийн эмнэлэг хувийн хэвшил хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Анх өрхийн эмнэлгийг ажиллуулж байхад эхийн эндэгдэл, гэрийн төрөлт, гэрийн нас баралт ихтэй, эмнэлэг маань өөрийн байргүй, тоног төхөөрөмж муутай, ХААН банкны хоёр давхарт хоёр өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан юм. Өнгөрсөн хугацаанд хамт олноо зөв удирдах, нэг баг болгох, харьяа багийн ард иргэдийн өвчлөл эндэгдлийг бууруулах бүхий л боломжийг хайж, шаргуу ажиллаж ирсэн. 

Манай хамт олон гэрийн идэвхтэй эргэлт, урьдчилан сэргийлэх үзлэг, диспансерын хяналтыг маш сайн хянадаг, үйлчлүүлэгч иргэдтэйгээ байнгын харилцаа холбоотой ажилладаг. Иймээс үйлчлүүлэгч иргэдэд итгэл найдварыг төрүүлж, тусламж үйлчилгээ авах таатай, тав тухтай орчинг бүрдүүлсэн хамт олон болж чадсан.

Бид бүхний хичээл зүтгэл, төр засгийн дэмжлэгээр өнөөдөр эмнэлэг маань өөрийн байртай, дуудлагын унаатай, эмнэлгийн тоног төхөөрөмж, чийрэгжүүлэлт, физик эмчилгээний өрөөтэй, мэргэжлийн эмч, сувилагчаар хангагдсан, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болоод байна. Мөн 2003, 2007, 2008, 2015, 2019 онд эрүүл мэндийн салбартаа тэргүүлж, 2016 онд “Хичээнгүй зүтгэл мөнгөн гэрэгэ” хүртсэн. Хамт олны минь дотор Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан 6, Эрүүл мэндийн яамны Жуух бичигтэн 8, сувилахуйн бакалавр цолтой сувилагч 3 ажиллаж байна.   

-Та эрүүл мэндийн салбарт хэчнээн жил ажиллаж байна? 

-Би 1994 онд Анагаах ухааны их сургуулийг Хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр цолтой. Мэргэжлээрээ улсад 26 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 18 жилд нь “Бат-Үржихүй” өрхийн эрүүл мэндийн төвд Ахлах их эмчээр ажиллаж байгаа. Жилд дунджаар 17-22 мянган ард иргэдэд эмнэлгийн  анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх ариун үйлст хүчин зүтгэсээр байна.

-Таны охидууд бас эрүүл мэндийн салбарт ажилладаг гэсэн?

-Тийм ээ. Би 3 охинтой, том охин маань Эм зүйч мэргэжилтэй. Австрали улсад патиссири болон зоогийн газрын шэйфээр суралцаж, тэндээ мэргэжлээрээ ажиллаж байгаад саяхан Монголд ирсэн. Дунд охин маань Эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй. Монгол хүн бүрийн эрүүл мэндийг хамгаалах амны хаалт, эмч, эмнэлгийн ажилтнуудыг коронавирусний халдвараас хамгаалах аюулгүй хувцсыг эх орондоо үйлдвэрлэн түгээж байгаа “Мөнхийн тун” компанийн Хуулийн зөвлөхөөр ажилладаг. Бага охин маань Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Хүний их эмч мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд одоо 5 дугаар дамжааны оюутан. Ер нь бол гэр бүлээрээ л монгол хүний эрүүл мэндийн төлөө суралцаж, ажиллаж, амьдралаа зориулж байна. 

-Танд баярлалаа. 


Холбоотой мэдээ