ДЭМБ-ын гишүүн орнуудын уулзалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илтгэл тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-15 11:44:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан болон Казахстан улсын Эрүүл мэндийн яам хамтран Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Үзэл баримтлалыг үйл хэрэг болгох нь” хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. 

 

Энэ үеэр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үйл ажиллагааны хүрээ” батлагдсаныг албан ёсоор танилцуулав.

 

Мөн коронавируст халдварын үед болон цаашид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах талаарх улс орнуудын туршлага, ололт амжилт, тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.

 

Мөн энэ үеэр ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцооны шинэчлэл”  сэдвээр илтгэл тавив.

 

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан тэгш байдал, хариуцлагатай байдлыг хангасан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг тогтолцоотой болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд явуулын тусламж үйлчилгээ, мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх, санхүүжилтийн шинэчлэл хийх, COVID-19” халдварын сорилт бэрхшээлийг даван туулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад анхаарал хандуулж байгаа талаар онцлон тэмдэглэлээ.  

 


Холбоотой мэдээ