УНТЭ бөөр шээсний замын чулууг лазер эмчилгээгээр эмчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-17 18:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол нэг шат ахин лазераар эмчилдэг боллоо.


Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт Хүрээ Ротари клубын санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

УНТЭ-ийн Урологи, андрологийн тасаг нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гол нэгж юм. Тус тасгаар жилдээ 3000 гаруй иргэн хэвтэн эмчлүүлдэг бол жилдээ 800 орчим бөөр, шээсний замын чулуу авах мэс засал хийдэг байна.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “УНТЭ-ийн Урологи, андрологийн тасаг улсын хэмжээнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг ачаалал ихтэй ажилладаг. Энэхүү лазер эмчилгээг нэвтрүүлэх гэж УНТЭ-ийн хамт олон 2019 оноос хөөцөлдөж, Хүрээ Ротари клубын санаачилгаар иргэддээ нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг УНТЭ-т олгож байгаад талархсанаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас иргэддээ хүргэх тусламж, үйлчилгээг сайжруулах, тэр дундаа Монголдоо хийдэггүй оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд бид салбартаа олон шинэ технологи, эмчилгээ, үйлчилгээ, мэс заслыг хийдэг болоод байна. Цаашид уг лазер эмчилгээг бусад төрөлжсөн төв эмнэлгүүд, орон нутагт хийдэг болгохыг зорьж байна” гэлээ.


УНТЭ захирал Н.Лхажий: Энэхүү лазер аппарат, тоног төхөөрөмжтэй болсноор бидний хүн арддаа үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирч, гадаад руу явж эмчлүүлэх боломжгүй хүмүүст боломжийг бий болгож байгаа юм. Хөнөөл багатай мэс заслыг хөгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах, цаашлаад зардлыг бууруулж иргэн болон эрүүл мэндийн байгууллагын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг үр өгөөжтэй.


УНТЭ-ийн Урологи, андрологийн тасгийн дарга Д.Баян-Өндөр: Лазерын технологиор бөөр, шээсний замын чулууны өвчлөлийг эрт үед нь оношилж, жижиг хэмжээтэй байхад нь мэс засал хийдэг. Харамсалтай нь өнөөг хүртэл бид ийм аппаратгүй байлаа. Харин одоо өвчнийг эрт оношилж, хүндрэхээс өмнө эмчлэх боломж нээгдэж байна. Өмнө нь  жилдээ 20 орчим өвчтөнийг гадаад улс руу эмчилгээнд явуулдаг байсан бөгөөд иргэнээс ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан. Гадаад урсгалыг зогсоож иргэд өөрийн улсдаа эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байна.


Хүрээ Ротари клубын ерөнхийлөгч Д.Туул: Манай клуб эрүүл мэндийн салбарт олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд гар утасны аппликейшн ашиглан арьсны өвчнийг оношлох, ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн тасгийн мэс заслын лакер тоног төхөөрөмжийг оруулж ирэх зэрэг олон төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. УНТЭ-д хүлээлгэн өгч буй энэхүү лазер аппарат нь өндөр өртөгтэй ч бид иргэдийнхээ эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг нь бодож уг төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. 



Холбоотой мэдээ