Хөрөнгийн үнэлгээний хуулийг олон улсын жишигт нийцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-17 21:32:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2010 онд нийт 6 бүлэг, 29 зүйлтэйгээр баталж, хөрөнгийн үнэлгээний харилцааг зохицуулсан. Хууль хэрэгжээд 8 жил өнгөрсөн ч хуулийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үнэлгээний асуудлыг хөндсөн бусад хуулиудын хоорондын уялдааг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эсхүл зохицуулалт дутуугаас хэрэгжих боломжгүй олон заалтуудыг залруулах, хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хөрөнгийн үнэлгээний харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, бизнесийн орчин, олон улсын бизнесийн харилцаан дахь оролцоо эрс өөрчлөгдсөнийг хөрөнгийн үнэлгээний одоогийн хууль тогтоомж бүрэн зохицуулах боломжгүй байгаа тул эдийн засгийн хөгжил, бизнесийн орчин, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэх, өмнөх туршлагад тулгуурлан хуулийн төслийг нэг мөр, ойлгомжтой, хийдэлгүй, маргаан бага үүсдэг болгож шинэчлэх шаардлага тулгарсан байна.


Иймээс хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийг шинэчлэх, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлэх, хуулийн маргаантай заалтуудыг тодруулах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг хийдэл, давхардлыг арилгах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.


Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавих шалгуур, шаардлагыг тодорхой зааж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх; мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд шинэчлэн тогтоох зохицуулалтыг тусгажээ. Мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр тусгасан байна.


Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж, шийдвэрийг гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж ажиллуулах; хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, үнэлгээний олон улсын стандартын дагуу зарим тодорхойлолт, ойлголтыг шинэчлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, зохицуулалтыг боловсронгуй болгохоор шинэчлэн найруулсан гэдгийг хууль санаачлагч дурдав.


Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. 


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан, Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагч болон ажлын багаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд энэ хууль нь хөрөнгийн үнэлгээний шударга бус тогтолцоог өөрчилсөн, өмчийн эзний эрх ашгийг хамгаалсан, өмчөө үнэн зөв үнэлүүлж чаддаг, бизнесийн орчныг хамгаалахад чиглэсэн хууль байгаасай гэж үзэж байна, иймээс ажил хэрэгч хандаж ажлын хэсэг гарган нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.


Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

Холбоотой мэдээ