Италид шинэ жилийн баярын үеэр хорио цээрийн дэглэм тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-19 13:48:36

МОСКВА. /Коммерсант/. Италид коронавирусний цар тахлын улмаас зул сар, шинэ жилийн баярын үеэр хорио цээрийн дэглэм тогтоохоор болжээ.


Дэглэм 12 дугаар сарын 24-нөөс 1 дүгээр сарын 6-ныг хүртэл үйлчилнэ хэмээн Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдсэн байна.


Тус улсад халдвар авсан хүний тоо 1.9 саяыг давж, 67 мянган хүн нас баржээ.


“12 дугаар сарын 24-нөөс 1 дүгээр сарын 6-ны хооронд Итали тэр чигтээ “улаан бүс” байх болно. Энэ нь шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг хориглоно гэсэн үг юм. Иргэд баярын өдрүүдийг зөвхөн байнга хамт байдаг гэр бүлийнхээ гишүүдтэйгээ өнгөрүүлэх боломжтой. Зочноор хоёр хүнийг урьж болно. Энэ үеэр нэг бүсээс нөгөө бүс рүү шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж Ж.Конте мэдэгдсэн байна.


Дэглэмийн үеэр хүнсний дэлгүүр, үсчин, эмийн сангууд ажиллах бол зоогийн газрууд хүргэлт хийх боломжтой аж. 

Холбоотой мэдээ