Сибириэс бүтнээрээ хадгалагдсан савагт хирс олджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-30 15:48:53

МОСКВА. /Lenta/. ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Абийн дүүргээс 34 мянган жилийн өмнө Мөстлөгийн үед амьдарч байсан савагт хирсний зулзага бүтнээрээ шахуу олджээ.


Энэ тухай Сибирийн Шинжлэх ухааны академийн дэргэдэх арслан зааны судалгааны хэлтсийн ахлах эрдэмтэн Валерий Плотников мэдэгдсэн байна. 


Савагт хирс шүд, гэдэс зэрэг дотор эрхтэн, эвэртэйгээ олон мянган жилийн туршид мөнх цэвдэгт хөндөгдөөгүй хадгалагджээ. Уг амьтны бие өнөөдрийг хүртэл олж илрүүлсэн амьтдын үлдэгдлээс хамгийн сайн хадгалагдан үлдсэн олдвор байсныг В.Плотников цохон тэмдэглэв.


“Савагт хирсний жижиг эвэр ч мөн хадгалагдан үлдсэн нь ховор тохиолдол юм. Учир нь иймэрхүү зүйлс маш хурдан бутардаг. Судалгааны явцад савагт хирсний эвэр элэгдсэн ул мөрийг илрүүлсэн бөгөөд энэ нь идшээ олохдоо эврээ идэвхтэй ашигладаг байсан гэсэн үг юм” хэмээн тэрбээр тайлбарлажээ.


Их биеийн арын хэсэгт зөөлөн эд олдсон нь бэлэг эрхтэн юмуу гэдэсний хэсэг байж магадгүй юм хэмээн тэрбээр мөн ярьсан байна.


Эрдэмтдийн таамаглаж буйгаар, савагт хирс гурав юмуу дөрвөн орчим настай байсан бөгөөд нүх эсвэл гуу жалганд унаж үхжээ.

 


Холбоотой мэдээ