Нийслэл рүү эмчилгээнд явах иргэдийн тоо 43 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-02 19:28:08

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийн стандарт хангалт 88 хувьд хүрч, бүх эмнэлгүүдийн дундаж стандарт хангалт 87,0 хувьд хүрсэнээр Улаанбаатар хотын клиникийн зөвлөх эмнэлгүүдэд очиж эмчлүүлэхээр явах иргэдийн тоо 2012 оноос 43 хувиар буурчээ.

Тус аймгийн хувьд иргэдээ хот суурин газар бараадан, холын орныг зорьж өндөр зардал үүсгэн эмнэлэг бараадах бус орон нутагтаа оношлуулж, эмчлүүлэх дээр нь онцгой анхаарч иржээ. Үүний нэг илрэл нь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 128 зүсэлттэй компьютерын Томограф, зүрхний суурин болон зөөврийн өнгөт ЭХО, дотор, эмэгтэйчүүдийн 3/4D өнгөт ЭХО, тархи, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, тархины өнгөт Допплерграфи, Диализын аппаратаар хангасан байна. Мөн амьсгалын аппарат, ходоодны дуран, Флюрографи, хагалгааны рентген, дурангийн хагалгааны иж бүрдэл зэрэг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг авч өгөөд байгаа юм.

Мөн эмнэлгийн ажилтан, мэргэжилтэнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар хийсэн байна. 2013-2015 онуудад ХБНГУ, БНСУ, БНХАУ, Тайланд, Япон зэрэг улс орнуудад нийт 37 эмч, 10 сувилагчийг сургалтанд хамруулжээ.

Энэ бүхний үр дүнд дээрх ахиц гарч байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ