Аймгийн Онцгой комисс хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-05 17:58:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, зургаан асуудал хэлэлцлээ. 

Хурлын үр дүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарь тогтоох, зарим үйл ажиллагааг түр хориглох тухай аймгийн Засаг даргын захирамж, шийдвэрийн хугацааг энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгав.   

Мөн цахилгаан, дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж авч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, бэлтгэл бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, зарцуулалтад шалгалт хийх шийдвэр гаргалаа.

Түүнчлэн "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээнд хамруулахдаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдүүд өөрийн зардлаар хийлгэх, Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн суманд ажиллаж буй хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр тогтмол хангах, өвөлжилт хүндэрч буй сумдад шаардлагатай өвс тэжээлийг хүргэх хуваарь гаргаж, холбогдох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн аймагт шаардлагатай хүнд даацын ковш трактор, Хүнс хөдөө аж ахуйн газар болон Манхан сумын Эрүүл мэндийн төвд үйл ажиллагаа явуулахад ашиглах автомашиныг шийдвэрлэж өгөх саналыг Улсын Онцгой комисст уламжлахаар боллоо.

 

Холбоотой мэдээ