Нийслэлд коронавируст халдварын 13 тохиолдол нэмж бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-07 11:02:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 6-нд нийт 12 200 хүнд шинжилгээ хийсэн  байна. 

Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.  Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, Эдгээрээс 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид, тэдний гэр бүлтэй холбоотой байна. Хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай бол нөгөө нь Голомт банкны нэг ажилтнаас халдвар илэрсэн. Тиймээс БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 2020 оны 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэдийг харьяа цэгтээ шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна гэв.


Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1362 болжээ.  Үүнээс 889 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт хоёр хүн эдгэрчээ.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай  462 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 13 нь хүнд, 138 нь хүндэвтэр, 310 хүн хөнгөн оноштой байгаа аж.

Холбоотой мэдээ