Д.Рэнцэндорж: Амьдралынхаа 43 жилийг гэрэл зургийн салбартай холбосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 11:14:27

Монгол Улсад Гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулж Ахмад гэрэл зурагчин Д.Рэнцэндоржтой ярилцлаа.

“Агшин, хором бүрт тохиосон үйл явдлыг гагцхүү гэрэл зураг л мөнхөлж чаддаг”

-Хэдэн наснаасаа эхлэн гэрэл зургийн салбарт хөл тавьж, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгов?

-Намайг шороон хулгана жилийн намрын дунд сарын хоринд мэндэлсэн гэдэг. Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургуулийн зургаа, долоодугаар ангид сурч байх үед миний төрсөн ах Д.Рэнцэнжамц кино үйлдвэрт ажилладаг байсан юм. Киноны натурт яваад ирсэн операторууд үлдэгдэл 1-2 метр негатив хальсыг хаяхад нь ах маань надад авчирч өгөөд “Смена” хэмээх сонирхогчийн хуванцар гэрэл зургийн аппарат хүнээс 100 төгрөгөөр худалдан авч өгснөөр фото зураг авах сонирхолтой болсон. Тэр цагаас хойш гэрэл зургийн салбарт 43 жил тасралтгүй ажилласан байна. Улсад нийт 44 жил ажиллажээ.

-Тэр үед одоогийнхтой адилхан техник тоног төхөөрөмж байсангүй. Авсан зургаа яаж угааж байв?

-Тэр үед авсан зургаа буулгах гэж номын дэлгүүрээс хор, зургийн цааснуудаа авч, хорнуудаа 1,2-оор нь ангилан саванд хийн харанхуй өрөөнд угаадаг байлаа. Эхний үед хальсныхаа хүчин чадлыг мэдэхгүйгээс болж хальсаар авсан зарим зураг тас хар, эсвэл дүрс нь цаасан дээр буулгаж болохгүй харлачихдаг байв. Тэгээд сургуулийн хичээлийн эрхлэгч Гүнсэнчоймбол, гавъяат багш Оргой нараар хальсаа яаж таних болон цаасан дээр зургаа хэрхэн буулгахыг заалгаж сурснаас хойш нүдэнд харагдсан болгоны зургийг авч шөнөжин зургаа буулгана.

Зарим үед зориулалтын улаан гэрэлгүйгээс болж гэрлээ ороосон улаан даавуугаа шатаагаад задгай байсан болон 1-р хоронд байгаа зурагнууд гэрэлд цохиулан тас хар болгон хаядаг байлаа. Мөн ч олон арван хайрцаг зургийн цаасаар тоглосон доо. Ах маань цалингаа буух болгонд 100 ширхэгтэй 9х12-ын хэмжээтэй фото цаас, 0.5 литрийн 1,2-р хор авч өгдөг байлаа. Айлын отгон хүү болохоор ах маань хүссэн болгоныг минь биелүүлж өгдөгсөн.

-Хэдэн оноос эхлэн мэргэжлээрээ ажиллаж эхлэв. Тэр үед гэрэл зурагчдыг хэрхэн бэлтгэдэг байсан бэ?

-Гэрэл зурагчдыг бэлтгэдэг мэргэжлийн сургууль, курс гэж байсангүй. Нийтийн Ахуй Үйлчилгээний яамны харьяа Үсчин, гэрэл зургийн газар гэж байсан. Түүний 1 дүгээр салбарт 1968 онд дагалдан лаборантаар орж, тэнд ажиллаж байсан Чанцал, Түгжжав нараас маш их зүйлийг сурсан.

Дараа нь 1969 онд Соёлын яамны харьяа Фото студид шилжин лаборантаар ажиллаж, Л.Мөнх-Очир багшаас 2х4 метрийн том зураг болон байгалийн 5 өнгийг хар цагаан зурганд яаж илэрхийлдгийг сурч, өдөрт 1000 ширхэг зураг шарж, угааж сургасан багшдаа маш их баярлаж явдаг.

Л.Мөнх-Очир багш маань эмэгтэй хүн хэр нь Беломорканал гэдэг тамхийг маш их татна. Тамхиа асаах гээд шүдэнз зурахаар нь би багшаа цаас гэрэл цохилоо гэхээр “1-р зэргийн лаборантны гэрлийг ямар ч цаас мэдэрдэггүй юм” гээд л учиргүй их инээдэгсэн. Бид өдөрт 1000-1200 зураг шарж бэлтгэдэг байсан болохоор их ядарна. Тэр үед багш нэг шанага монгол архи шар тостой халаагаад хоёул уучихаад 3-4 зүсэм хиам талх идэхэд л ядаргаа гарч ажлаа үргэлжлүүлдэг байлаа.

-Өдөр бүр 1000-1200 зураг угааж бэлтгэдэг байсан хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Өдөр бүр л 1000-1200 зураг бэлтгэнэ. Ямар ч завгүй л ажилладаг байлаа шүү дээ. Тэр үед Сосоржав гээд зурагчин хамт ажилладаг байсан юм. Нэг удаа Сосоржав гуай зураг угаагаад завгүй, лабораториос гарч чадахгүй байтал бие засах хэрэгтэй болж. Тэгсэн Сосоржав гуай угаасан зургаа зайлдаг ус руу шээж зогстол лаборант Дэжид ороод ирж. Сосоржав гуай сандарч, шоржигнох чимээгээ дарах гэж хороо гараараа хутгаж, “ямар сонин үнэртэй хор вэ, зураг наалдчих гээд байна” гэсэн гэдэг. Ийм л завгүй ажилладаг байжээ.

-Лаборантаар ажиллаж байгаад хэзээнээс эхлэн гэрэл зурагчинаар ажиллав. Олон сайн гэрэл зурагчидтай хамтран ажиллаж байв уу?

-1970 оны 5 дугаар сард Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны Фото редакцид эрхэм нөхөр Д.Самдантай өнгөт зургийн лаборантаар ажиллахын зэрэгцээ фото зураг авч 1971 оноос фото сурвалжлагчаар дэвшүүлэн ажиллуулсан. Д.Лувсан, П.Эрдэнэ, Ёндонсамбуу болон тухайн үеийн удирдлагууд биднийг дэмжиж, зааж сургаж байсанд нь баярлаж, талархаж явдаг.

Зураг-1. Зүүн гараас Б.Сүхээ, Д.Нямхүү, Д.Бүрнээбаатар, Л.Санжмятав, Р.Гомбожав, Ш.Алтансүх, Д.Рэнцэндорж нар Герман гэрэл зурагчдын хамт 1972 он

Манай редакцид Д.Самдан, Д.Нямхүү, Д.Бүрнээбаатар, С.Алтансүх, Р.Гомбожав, Л.Санжмятав, Б.Сүхээ, Н.Дорж, А.Ёндон, И.Чулуун, М.Цэнд, М.Буяндэлгэр зэрэг тухайн үеийн чадварлаг гэрэл зурагчид ажиллаж байлаа. Энэ салбарт ажиллаж байсан ихэнх гэрэл зурагчидтай мөр зэрэгцэн нэг хамт олон болж ажиллаж байснаараа бахархаж явдаг.

-Таныг фото зургийн аппарат маш сайн засдаг гэж сонсч байсан юм байна. Аппарат засах ч тийм хялбар ажил биш байх шүү. Энэ эрдэмд хэрхэн суралцсан бэ?

-Манай редакцид Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Пүрэвдорж гуайн дублёр Д.Бүрнээбаатар гэж маш их гарын дүйтэй хүн байсан юм. Д.Бүрнээбаатар гуай аппарат маш сайн засдаг, цэнэглэдэг батарей хийж, гэрлэндээ ашигладаг байсан. 1975-1976 онд цэнэглэдэг батарей хийж зураг авна гэдэг бол тэр үедээ гайхамшиг байсан юм. Харамсалтай нь түүнийгээ надад зааж өгөлгүй өөрөө л ашигладаг. Надад зөвхөн фото аппарат засах, тохируулахыг зааж сургасан ачтай хүн дээ. Д.Бүрнээбаатар гуайтай ажиллаж байх үеэс л би аппарат засч эхэлсэн. Тэр үед одоогийнхтой адил засвар үйлчилгээний газар гэж байсангүй. Тийм болохоор ажлаа залгуулахын тулд өөрсдөө л засч сэлбэдэг байлаа шүү дээ. Мөн Ю.Цэдэнбал даргын зурагчин хийж байсан Д.Батболд гэж хүн фото аппарат маш сайн засдаг байсныг бидний үеийнхэн сайн мэднэ дээ. Цөөн хэдхэн хүн аппарат засдаг байсан.

-Залуу уран бүтээлчдийг хэрхэн дэмжиж, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ямар сургалтанд хамруулдаг байсан бэ? Гадны улс орноос туршлага судлах боломж хэр байв?

-МОНЦАМЭ-ийн гэрэл зурагчид жил бүр гадаадад мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Германы АДН, Оросын ТАСС, Риа Новости, Чехословакын ЧТК, Болгарын БТА, Польшийн ПАП зэрэг мэдээллийн агентлагуудад 1-6 сарын хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах сургалтад сууж мэдлэг чадвараа дээшлүүлдэг байлаа.

-Тухайн үед авсан гэрэл зургуудаа гадны улс орнуудад дамжуулдаг байв уу?

-70-80-аад оны үед телефото гэж фото зураг дамжуулдаг хүлээн авдаг. Одоогоор бол интернет юм даа. Тухайн үедээ социалист орнуудын агентлагуудаас чухал үйл явдлын зургуудаа солилцдог байв. Нэг ширхэг 18х24-ийн зургийг заримдаа 1 цагийн дотор авна. Ярианы шугамаар авдаг болохоор шугам ачаалал ихтэй үед 3-4 цаг болж байж авна. Чанар нэлээд тааруухан.

Нэгэн удаа оператор Давгадорж инженер Дэлэгсүрэн бид гурав сансрын нислэгийн зураг авахаар ажиллаж байтал зурган дээрх хүний толгой зууван гараад болдоггүй, инженер маань засаад л байдаг болдоггүй, шөнө дунд болоод байдаг гэдэс өлсөөд, нойр хүрээд, инженерийг лаборатори орох хооронд аппаратны булыг нь хүчтэйхэн мушгитал тас гээд дуугарахаар нь айгаад буцааж тавьтал Давагдорж, Дэлэгсүрэн нар орж ирээд одоо нэг үзье болохгүй бол "Үнэн" сонинд аппарат эвдэрсэн учир зураг авч чадсангүй гэдгээ хэлье гээд ажиллуултал зураг маань зөв зүгээр гарч эхэлтэл бөөн баяр болцгоов.

Тэр үед "Үнэн" сонины фото сурвалжлагч Лхагвасүрэн ирж зураг авч явсны дараа хүлээн авагч яагаад зүгээр болсон тухай гайхахад нь болсон явдлаа хэлж зэмлүүлэх магтуулахыг хослуулсан юм.

Түүнээс хойш зураг хүлээн авах, дамжуулах болгонд орой ажилладаг байлаа. “Белая” гээд хашгирна, цаана нь дохио ирнэ тэгэнгүүт “Паз” гээд л хашгирна. Дуу нь сонсогдохгүй тэгтэл зураг дамжуулж буй дохио ороод ирнэ. Заримдаа хурд нь зөрнө. Тэгэхээр хүний толгой бие нь зөрчихсөн байвал дахиад л авна. 120, 60 гэсэн 2 хурдтай өгч байгаа авч байгаа хоёрын хурд тохирч байж сайн зураг гарна. Голдуу 18х24-ийн хальсан дээр зургаа авна. Дамжуулахдаа цаасан дээр буулгасан маш сайн чанарын зураг дамжуулна. Ерөнхийдөө 40 хувийн чанарын алдагдалтай зураг гардаг байв. Зураг дамжуулах, авахаас болж их ч олон дарга нарт загнуулж магтуулж билээ.

-Фото редакцийн бэлтгэсэн зургуудыг гадаад руу дамжуулахаас гадна сонин сэтгүүлд нийлүүлдэг байсан байж таарна?

-Фото редакци нь МОНЦАМЭ-ээс гаргадаг “Монгол Улс” сэтгүүл /орос, англи хэлээр хэвлэгддэг/, орос хэл дээр гардаг “Новости Монголи”, хятад хэлээр гардаг  “Монгу Шао Ши Бао” сонингуудыг гэрэл зургаар хангахаас гадна социалист 14 орон болон 18 аймгуудад сар бүр эх орныхоо бүтээн байгуулалт хөгжлийг харуулсан гэрэл зургийн хориос дээш зурагтай самбар тогтмол бэлтгэн явуулдаг байв.

Нэгэн удаа “Монгол улс” сэтгүүлийн эрхлэгч зохиолч Ч.Чимэд гуай дуудан 3 сарын дугаарын хавтсан дээр хүүхдээ хөхүүлж буй залуу эхийн зураг авах даалгавар өгөв өө. Бүтэн хоёр сарын турш олон бүсгүйчүүдээс гуйсан боловч зургаа авахуулах хүн олдсонгүй. Сэтгүүл гарах цаг ч боллоо. Зураг байдаггүй. Аз болж Д.Самдан маань нэгэн сайн малчин бүсгүйн зургийг авч өгснөөр сэтгүүл хугацаандаа гарч билээ.

Түүнээс хойш Ч.Чимэд эрхлэгч тааралдах бүртээ дараа жилийн 3 сарын сэтгүүлийн хавтасны зургийг бэлд гэж загнадагсан. Дүрслэх урлагийн музейн тайлбарлагч нэгэн бүсгүйг жил гуйгаад хүүхэд нь томорч, эрхлэгч ч мартаж, нэгэн хүнд зураг авах ажлаас чөлөөлөгдөж билээ. Тэр үеийн бүсгүйчүүд сонин сэтгүүлд зургийг нь тавина гэхээр их дургүйцдэг мөн ч их ичимхий байж билээ.

-Та төрийн өндөрлөгүүдийн томоохон айлчлалд нэлээд олон удаа явж байсан байх. Таны сэтгэлд хамгийн ойр, дурсагдаж үлдсэн ямар айлчлал байна вэ?

-Маш олон айлчлалд явж олон ч зураг авч, сонин сэтгүүл, архивт нийлүүлж, манай улсад айлчилсан зочин, төлөөлөгчдөд айлчлалын таалаарх фото зургийн цомгийг бэлтгэж өгдөг байлаа.

Тэтгэвэрт гарсныхаа дараа 2014 оны 9 сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын талаарх 40 зурагтай цомгийг бэлтгэж өгсөн.

1970 хэдэн онд билээ. Тодорхой санахгүй байна. БНАГУ-ын ерөнхийлөгч Эрих Хонникер манай оронд албан ёсны айлчлал хийж, Улаанбаатарын хивсний үйлдвэрийг бэлэглэх үйл явдал болж билээ. Тэр айлчлалын үеэр ерөнхийлөгчөө дагалдан яваа Германы АДН агентлагийн 10 гаруй хүнтэй хэвлэл мэдээллийн баг, хальс боловсруулах, зургаа буулгах лаборант, мөн телефото дамжуулах аппарат, тэдгээр тоног төхөөрөмжийг засварлах инженерүүд гээд маш том бүрэлдэхүүнтэйгээр ирж билээ.

Зураг-2. БНАГУ-ын ерөнхийлөгч Эрих Хонникерийн айлчлалын үеэр

-Тухайн үед төрийн тэргүүнүүдийн зургийг авахад маш өндөр шалгуур тавьж байсан байх даа.

-Маш өндөр шалгуур тавина. Зураг гологдвол арга хэмжээ авахуулна. Нэг удаа зураг авахад 6-7 гэрэл зурагчин орж ажиллана. Би Оросын ТАСС агентлагт дадлага хийх үед алдарт гэрэл зурагчин Черединцев гээд багшийн удирдлага дор дадлага хийж билээ. Хожим Черединцев багш Ю.Цэдэнбал даргын зургийг авахаар манай улсад ирсэн юм. Ю.Цэдэнбал даргын зургийг авахад өрөөнд нь байсан газрын зурагны өмнө цэнхэр даавуу тохож байгаад л авч билээ. Уг нь зураг авчих өрөө олон л байсан юм. Бодвол хамгаалалт нь нарийн, чанга байсан юм болов уу даа. Тэр үед төрийн тэргүүнүүд зав багатай, ажил ихтэй мөн Ю.Цэдэнбал даргын хамгаалалт нь маш өндөр зэрэглэлтэй, чанга байсан тул тухалж зураг авах боломж тэр бүр тохиохгүй шүү дээ.

Зураг-3. Гэрэл зурагчид Ю.Цэдэнбал даргыг Маршал цол авсны дараа...

Зүүн гар таалаас Ж.Баярсайхан, Д.Рэнцэндорж, Б.Сүхээ, Ц.Нина, Даваа, Ю.Цэдэнбал, С.Батсүх, Черединцев, Батцэнгэл, Болд, Ц.Хичээнгүй

Халхын голын байлдаанд зураг авч явсан ахмад гэрэл зурагчин Черединцев гуай Халхын голын тухай 400 орчин гэрэл зураг авсан хальсыг манайд бэлэглэж байсан. Өдгөө улсын архивт байгаа болов уу.

Зурагт өндөр шалгуур тавихаас гадна зарим газарт очиж зураг авахдаа тусгай зөвшөөрөл авдаг байлаа. Тухайлбал, Замын-Үүд, Дорнодын Мардайн зургийг авахад Хилийн цэрэг болон НАХЯ-аас зөвшөөрөл авдаг байв. Мардайн уурхайд зураг авчихаад хотод ирсэн хойноо бүх хальсаа угаагаад бүрэн бүтнээр нь Геологийн яаманд өгөөд 7 хоногийн дараа зургийн хальсаа авч билээ. Бодвол ямар зураг авсныг нь шалгасан юм байлгүй. Бүх зургийг архивт хийж, үзэсгэлэнд ганцхан зураг тавьсан байсан.

-Ажил хийж явахад алдах онох зүйл ч их л болно доо.

-Тэгнэ. Гэхдээ тэр үед хатуу арга хэмжээ авахуулна. 1979 онд МОНЦАМЭ-гийн фото редакци Соёлын яамны фото студитэй нийлэх Засгийн газрын тогтоол гарч Төв шуудангийн урд байгаа 2 давхар байрнаас нүүж фото студийн байранд очив.

Тэр намар нь хадлангаас иртэл инженерээр ажиллуулна гээд БНХГУ-аас Констмат гэдэг өнгөт зураг угаадаг машин ирнэ. Уг машиныг суурилуулж, тохиргоо хийх 2 чехословак мэргэжилтэнтэй хамтарч сурч, ажилла гээд Д.Лувсан дарга үүрэг өгснөөр инженер болж өндөр цалин авдаг боллоо.

Гэтэл сансарын нисгэгч Ж.Гүррагчааг сансарт ниссэн зургийг орон даяар тараахаар зураг хийж байтал зургийн машины өсгөгчний гэрлийн шил шатаж, солих хооронд удлаа гэж /10 орчим минут болсон байх/ тушаал бууруулж, үйлчлэгч болсон. Хэдийгээр үйлчлэгч болсон боловч инженерийн ажлаа үргэлжлүүлэн хийж, 3 сар үйлчлэгчийн цалин авч байгаад сайн ажилласан гэж социалист уралдаанд түрүүлж 100 төгрөгөөр шагнуулж, буцаад инженерийн цалингаа авч 4 жил орчим ажиллаж байгаад киноны инженерээр ОХУ-д төгссөн Мөнхчулуунд ажлаа өгч фото сурвалжлагчаар ажиллаж билээ.

-Хөгжилтэй, дурсгалтай мөчүүд олон л байсан биз дээ. Түүнээсээ хуваалцахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Олон дурсамжтай үйл явдлууд болж байсан даа. Тухайн үед фото аппарат засах газар гэж байгаагүй юм. Тэгээд өөрсдөө л аппаратаа засч янзалдаг байв. Тэгсэн нэг удаа Д.Самдан, М.Лхагвасүрэн (Үнэн сонинд ажиллаж байсан) хоёр Hasselblad гээд Швейдийн нэлээд үнэтэй, өргөн хальсаар авдаг аппаратыг засах гээд дурангийн нь салгаж чадахгүй, төмрийн хөрөөгөөр хөрөөдөж билээ. Мөн 1974 онд ОХУ-ын Москвад Новости агентлагт дадлага хийж байхад Ш.Алтансүх, Цолмон, Сүхбаатар, Баасанхүү нар оюутан болж ирж байх үед тааралдан элчингийн гуанзанд бууз захиалан идэж байгаад гашуун горчица халбагаар идэж гайхуулан “та нар ид тэгвэл ундаа авч өгнө” гэхэд Цолмон, Сүхбаатар нар идэж онгорхой болгоноос нь шингэн гарч билээ.

Нэгэн удаа Ю.Цэдэнбал даргыг хурандаа генерал цол авсны дараа миний багш Черединцев, Ц.Нина, Ж.Баярсайхан, С.Батсүх, Б.Сүхээ, хошууч Болд, Батцэнгэл, Даваа комиссар нар цуг фото зураг авахуулсны дараа цай уух болсон юм. Гэтэл өтгөн байхуу цайнд коняк хийснийг нь би мэдэлгүй хоёр сайн балгатал хэл, ам халуу оргиж, бүх биений хөлс гарч, толгойн хөлс нүүр рүү урсан, бороонд норсон мэт болж, нилээн хүнд байдалд ороход Ю.Цэдэнбал даргын туслах Батцэнгэл гуай “зүгээр, зүгээр хөлрөх сайн, ядаргаа тайлагдаж байна” гэж билээ. Анх удаа ийм цай уусан болохоор их ичсэн шүү.

Бас нэг удаа гадаад мэдээний редактор Ц.Майдар гээд олон хэлтэй залуу теле фотогоор авсан зургуудын тайлбарыг бичиж, Төв шуудангийн баруун талын самбарт тавих гэж хүлээж ядаад бичгийн машинаа дэрлэж унтаад сэрэхэд духан дээр нь бичгийн машины 20-иод үсэгний ором гарчихсан бөөн инээдэм болж билээ.

-Гэрэл зургийн салбарт 43 жил ажилласан юм чинь авсан гавьяа шагнал нэлээд байгаа биз дээ.

-Байлгүй яахав. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болон ойн одон медалиуд гээд хийж бүтээснээ үнэлүүлэн шагнуулж байлаа.

-Үе үеийн гэрэл зурагчиддаа хандан юу хэлэх вэ?

-1970 оны 5 сараас хойш 43 жил тасралтгүй гэрэл зургийн салбарт ажиллах хугацаанд жаргал зовлон олон ч тохиолдсон доо. Энэ бүхэнд тусалж дэмжиж явсан үе үеийн удирдлага болон хамт ажиллаж байсан найз нөхөддөө баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.

Зураг-4. Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын хорооны харьяа Улсын гэрэл зургийн газрын хамт олон 1985 он. Монгол Улсад гэрэл зураг үүсч хөгжсөний 50 жилийн ойн үеэр

Олон ч үйл явдал, айлчлал, арга хэмжээний түүхийг гэрэл зургаар буулгаж ирлээ. Нэг салбарт тасралтгүй 43 жил ажиллана гэдэг бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь болдог.

Тиймээс гэрэл зурагтай холбоотой бүхэн өөдлөн дэвжиж, өсөн нэмэгдэж, амжилт дагуулж байхыг хүсэн ерөөхийн зэрэгцээ “Агшин, хором бүрт тохиосон үйл явдлыг гагцхүү гэрэл зураг л мөнхөлж чаддаг” гэж хэлмээр байна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд