Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-нээс бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-09 19:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод тогтоогоод байгаа бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гарагаас бууруулахыг НОК мэдээллээ.


Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ талаар хэлэхдээ, “Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын салбар чиглэлд эрсдэлийн үнэлгээ хийж, зохицуулж ирлээ. Хатуу хөл хорионы үед тодорхой чиглэлийн салбарын ажил хэвийн үргэлжилж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үед буюу 12 дугаар сарын 14-23-ны өдрүүдэд ажиллаж байсан байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, халдвараас сэргийлэхэд шаардлага тавина" хэмээв.


"Хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа Баянгол дүүрэгт үүссэн халдварын голомт БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийнхээс харьцангуй бага гэж үзэж байгаа. Долоо хоног харзнаад, халдварын голомт харьцангуй намжвал нэн тэргүүнд үсчин, бараа бүтээгдэхүүн, нийтийн халуун ус, их дэлгүүрийн үйлчилгээг нээхээр хүлээж байна" гэлээ. 



Холбоотой мэдээ